Г.Мэнд-Ооёог төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-12 13:24:36

"Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг СГЗ, зохиолч, яруу найрагч,Г.Мэнд-Ооёод хүртээв

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу "Монгол бахархлын өдөр"-өөр эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, түүх соёлынхоо уламжлалыг судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ.

Энэ оны “Чингис хаан” одонгийн эзнээр СГЗ, нэрт зохиолч, яруу найрагч,Г.Мэнд-Ооёо шалгарсан юм. Урлаг утга зохиолын салбарт 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө эх орондоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх бүтээлүүд туурвисныг нь Монголын төр ийнхүү өндрөөр үнэлэв.

Тэрбээр,  Анх “Бодлын шувуу” нэртэй шүлгийн түүврээ 1980 онд 28 насандаа хэвлүүлснээс хойш 13 жилийн дараа анхны туульсийн том бүтээл болох “Алтан Овоо” туурвилаа 1993 онд хэвлүүлжээ. “Алтан Овоо”-ноос 19 жилийн дараа буюу 2012 онд “Гэгээнтэн” романаа уншигч түмний хүртээл болгосон нь өдгөө номын амтанд дурлагсдын талархал хүлээж байна.

Тэрбээр 2009 онд Дэлхийн Урлаг, соёлын академиас олгодог дэлхийн яруу найргийн дээд шагнал болох “Поэт лаурэт” цол, алтан титмийг гардсан. 2014 оны есдүгээр сард Румыны Крайово хотод болсон Дэлхийн яруу найргийн наадамд оролцож, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй найрагчаас тодорч гранд буюу тэргүүн шагнал хүртсэн билээ.

Г.Мэнд-Ооёо нь “Чингис хаан” одонг зүүсэн 9 дэх эрхмээр тодорсон юм. Түүнээс өмнө анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай нар  энэхүү эрхэм шагналын эзэн болсон юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ