Нэг хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-10-18 18:02:46
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ жил бэлгийн хүчирхийлэлд нэг хүүхэд өртсөн тохиолдол илэрсэн ажээ. Харин өнгөрсөн 2016 онд долоон хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн нь илэрсэн гэж тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. 
"Өнгөрсөн онд манай аймагт долоон хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн. Энэ нь тус аймаг 20 мянган хүүхэдтэй гэж үзэхэд өндөр тоо. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд бид эхлээд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Мөн хэрэг шалгах, шүүх шатанд ороод ирэхээр хуулийн зөвлөгөө өгч холбогдох байгууллагуудтай холбож өгөх, зарим үед хууль ёсны төлөөлөгч болж хүүхдээ хамгаалж ажиллаж байгаа" гэж Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын албаны дарга Т.Золжаргал ярилаа. 
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд сэтгэл зүйн хувьд хүнд байдалд орсон, энэ сэдвийг сөхөж ярих дургүй байдгаас гадна сэтгэц нь хүртэл өөрчлөгдсөн байдаг ажээ.
Эцэг эхчүүд насанд хүрээгүй охид хүүхдүүдээ хараа хяналтаасаа салгахгүй байх, хөршийн холбоогоо сайжруулах, иргэд иргэний үүргээ биелүүлж мэдээллийг зохих газарт нь хүргэж байхыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ