Он гарсаар хүүхэд хүчиндсэн талаарх зургаан гомдол, мэдээлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-19 18:19:10
Дорнод /МОНЦАМЭ/. Хүүхдийн хүчирхийллийн талаарх асуудал нийгмийг цочроож буй энэ үед орон нутагт нөхцөл байдал ямар байгаа талаар лавлалаа. Улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэгт өнгөрсөн онд 298, энэ онд 156 хүүхэд өртөж, бие сэтгэлээрээ хохирсон тухай мэдээлэл бий. Тэгвэл Дорнод аймагт анхаарал татсан ямар асуудал байгаа талаар тус аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Ц.Нэргүйгээс тодруулав.

-Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг түгшүүрийн харанга дэлдэж, олны сэтгэлийг эмзэглүүлэх боллоо. Дорнод аймагт нөхцөл байдал ямархуу байна вэ? Тухайлбал, он гарсаар энэ төрлийн хичнээн хэрэг бүртгэгдээд байгаа бол?
-Энэ оны эхний есөн сарын байдлаар бага насны болон насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн талаарх зургаан гомдол мэдээлэл бүртгэгдээд байгаа. Үүний хоёр хэргийн хохирогч нь долоо болон 16 настай хүүхэд байсныг мөрдөн байцаалтаар тогтоож, шүүхийн шатанд шилжүүлсэн. Дээрх хэргүүдийн тухайд хүчирхийлэгч нь хойд эцгүүд байсан.

-Таны сая ярьсан энэ бүртгэл мэдээллийг өмнөх жилүүдтэй харьцуулвал өссөн үү, эсвэл буурсан үзүүлэлт үү?
-Өмнөх жилтэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Өнгөрсөн жил энэ төрлийн таван хэргийг шүүхийн шатанд шилжүүлж байсан удаатай. Харин гэр бүлийн хүчирхийлэл гээд ярьвал мөн 33 хувиар буурсан байгаа.

-Бусад аймгуудад энэ төрлийн гэмт хэрэг ямар байдаг юм бол? Харьцуулсан судалгаа гэж бий юу?
-Эрүүгийн хууль шинэчлэгдэж, “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээр долоодугаар сарын нэгнээс манай нэгдсэн мэдээллийн санд өөрчлөлт орсон. Тиймээс одоогоор яг бага насны хүүхдийн хүчингийн хэргийн талаар нарийвчилсан судалгаа, бусад аймгуудтай харьцуулсан мэдээлэл алга байна. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа эсэх талаар нарийвчилсан бүртгэл мэдээлэлтэй болох талаар бид анхаарч ажиллаж байгаа.

-Хүчингийн хэрэг үйлдэгчдэд ямар ял шийтгэл оногдуулах хуулийн заалттай байдаг юм бол? Тухайлбал, та тодруулгын хамгийн эхэнд ярьсан шүү дээ. Бага насны болон насанд хүрээгүй хүүхэд хүчирхийлсэн тэр хойд эцгүүдэд ямар ял шийтгэлийг шүүхээс оноов?
-Бага насны хүүхэд хүчиндсэн хэрэг нь онц хүнд гэмт хэргийн ангилалд багтдаг. Бид хэргийг байцааж, бүрдүүлэх ёстой материалуудыг хавсаргаад шүүхэд шилжүүлдэг. Шүүх байгууллага хэрэгтэй танилцсанаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эцэслэн тогтоодог гэсэн үг. Ер нь энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгсдэд ихэвчлэн 15 болон түүнээс дээш жилийн ял оногдуулдаг. Дээр дурдсан гэмт хэрэгтнүүдэд шүүхээс 15, 16 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлээд байна.

-Сүүлийн үед аль төрлийн гэмт хэрэг түлхүү үйлдэгдэж байна. Энэ талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх нь зүйтэй болов уу?
-Хүүхэд дээрэмдэх тохиолдол их гарч байна. Орой үдэш ганцаараа явж буй эмэгтэй хүнийг дээрэмдэх, өсвөр үеийнхнийг бүлэглэн дээрэмдэх зэрэг гомдол мэдээлэл тасрахгүй шинжтэй. Харамсалтай нь иймэрхүү хэргүүдэд голдуу өсвөр насныхан холбогдох боллоо. Тиймээс эцэг эхчүүд орой үдшийн цагаар хүүхдүүдээ олон нийтийн газруудаар, ялангуяа шөнийн цэнгээний газраар орохгүй байх, ойр орчмоор нь ганц нэгээрээ явахгүй байх тал дээр хараа хяналт тавихыг анхааруулъя. Мөн бага насны охин хүүхдээ итгэлтэй хүнээр харуулах, эрэгтэй хүнтэй хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлмээр байна.

-Төгсгөлд нь нэг зүйлийг тодруулъя. Аймгийн хэмжээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар ажил хийж байна вэ?
-“Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд таны оролцоо” аян эхлүүлээд байгаа. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, БСУГ-тай хамтарсан энэ аяны хүрээнд ЕБС-ийн сурагчдад гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтын талаар сургалт мэдээллийг байнга явуулж байна. Аян он дуустал үргэлжилнэ. Аймаг орон нутаг, холбогдох байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг ч хамгийн гол нь эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих анхаарал халамж, хараа хяналтаа сулруулж болохгүй юм. Ер нь эцэг эхийн хайр халамж суларч үгүйлэгдэж дутсаны улмаас цаана нь хүүхэд хохирч үлддэг. 
Д.Дэлгэрмаа

 
Холбоотой мэдээ