Аврах албаныхан Бат-Өлзийд гарсан түймрийг унтраажээ

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 09:21:51

Аймгийн Онцгой байдлын газраас сүүлийн үеийн гамшиг, ослын талаарх мэдээллийг авлаа. 10 сарын 11-13-ны хооронд Бат-Өлзий сумын 3-р багийн “Могойтын Авдрант” гэх газар ой хээрийн түймэр гарч, Онцгой байдлын газраас 12 албан хаагч  шуурхай ажиллан унтраажээ. Түймрээр 4,5 га талбай шатсан байна.

Мөн Тарагт сумын 5-р багт 10 сарын 16-ны өдөр авто машины осол гарч, тус байгууллагаас  7 алба хаагч ажиллан 4 хүний амь насыг аварч, 4 хүний цогцсыг машинаас гарган ар гэрийхэнд нь хүлээлгэж өгчээ. Түүнчлэн “Бажийн дөрвөлж” гэх газар истана машин портер машинтай мөргөлдөж, нэг жолооч газар дээрээ нас барсан ба 12 хүн бүгд хүндээр бэртсэнийг тус албаныхан аврах тусламж үзүүлжээ.

10 сарын байдлаар осол гэмтлийн дуудлага хоёр гарсан бол 11 сарын эхний 10 хоногийн байдлаар машин техникийн осолтой холбоотой хоёр дуудлага ирээд байна. Авто ослын ноцтой хэрэг гарсан үед Онцгой байдлын газрын Аврах албаныхан дуудлагаар очиж,  хавчуулагдсан буюу нас барсан хүнийг гарган Цагдаагийн газарт хүлээлгэн өгдөг аж.

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ