Эрэн хайх ажиллагаанд оролцсон алба, мэргэжлийн ангиуд бууж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-10-25 13:11:46
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх ажиллагаа гурван өдөр үргэлжилж, 17 уулчны цогцсыг бүгдийг нь олж, эрлийн ажиллагааг албан ёсоор зогсоолоо.

Өчигдөр буюу 10 дугаар сарын 24-ны өдөр амиа алдсан 14 уулчны шарилыг Улаанбаатарт аваачсан байна. Харин өнөөдөр олдсон гурван уулчны цогцсыг Улаанбаатар хотруу тээвэрлэх гэж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцос таниулах ажиллагааг явуулж байна. Амиа алдсан уулчдын дөрөв нь эмэгтэй хүн,  13 нь эрэгтэй хүн байсныг тогтоогоод байгаа юм.
Эрлийн ажиллагаа дууссантай холбоотой Отгонтэнгэр ууланд ажиллаж байсан ажлын хэсэг, бүлгүүд бууж байгаа бөгөөд Завхан аймгаас эрэн хайх аврах ажиллагаа явуулсан мэргэжлийн анги бүлгүүд Отгонтэнгэр уулын орчим байрлаж байсан газрын хогийг цэвэрлэх ажиллагааг хийгээд өнөөдөртөө багтаж хөдлөх юм. Учир нь өнөөдрөөс эхлэн Завхан аймгийн нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр ихэнх нутгаар, 26-27-ны шөнө нутгийн зүүн, зүүн хойд хэсгээр, 29-нд зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна хэмээн аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний албанаас анхааруулаад байгаа юм.  
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ