Хятад улс ОХУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэх чиг баримжаагаа өөрчлөхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН. /РИА Новости/. “Хятад улс олон улсын тавцанд гарах аливаа өөрчлөлтөөс үл хамааран ОХУ-тай хоёр талын харилцаагаа цаашид улам гүнзгийрүүлэх болно” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихдаа мэдэгдсэн байна. Энэ тухай Хятадын төв телевиз мэдээлснийг РИА Новости агентлаг уламжиллаа.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын даргатай пүрэв гарагт утсаар ярихдаа Ши Жиньпинд Хятадын Коммунист намын /ХКН/ Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсонд баяр хүргэжээ.
Харин БНХАУ-ын дарга ОХУ-ын ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, “Орос бол Хятад улсын бүх талын хамтын ажиллагааны стратегийн түнш юм. Хятад улс олон улсын тавцанд ямар ч өөрчлөлт гарлаа гэсэн ОХУ-тай хоёр талын харилцаагаа гүнзгийрүүлэх чиг баримжаагаа өөрчлөхгүй” гэж мэдэгджээ.
Э. Аянзаяа