Монгол, Польш дээд боловсролын салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-10-27 11:25:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабендаг энэ сарын 26-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улс, БНПУ-ын хоёр талын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байгааг онцлоод, цаашид боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийллээ.
 
Мөн БНПУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, БСШУСЯ хооронд “Дээд боловсролын салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөр"-ийн гэрээг шинэчлэн байгуулах талаар тохиролцов. Хөтөлбөрийн хүрээнд жил бүр 25 оюутан тус улсын их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд цаашид хоёр улсын их сургуулиудын хооронд дижитал банк санхүүгийн чиглэлээр суралцахад хос дипломтой төгсөх боломжтой гэдгийг Элчин сайд Михал Лабенда хэллээ.
 
Уулзалтын үеэр талууд Польш улсад багш, сурган хүмүүжүүлэгчид, ялангуяа тусгай сургуулийн багш нарыг хоёр долоо хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, зардал мөнгийг нь хамтарч гаргах талаар санал солилцов. Мөн шинжлэх ухааны салбарт хоёр улсын салбарын яам хооронд археологи, палеонтологийн салбарт хамтран ажиллах санамж бичгийг ойрын хугацаанд байгуулах, Монгол-Польшийн соёлын өдрүүдийг зохион байгуулах талаар ярилцсан юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ