Цахилгааны үнийн хөнгөлөлт өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-11-01 20:41:44
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд хүйтний улиралд цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх Засгийн газрын шийдвэр өнгөрсөн онд гарсан. Үүний дагуу Дархан-Уул аймгийн Дархан хотын гэр хорооллын хэрэглэгчид өнөөдрөөс энэ хөнгөлөлтийг эдэлж эхэллээ.
Хөнгөлөлт 21-06 цагийн хооронд хэрэглэсэн эрчим хүчинд хамаатай бөгөөд ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчинтэй байх юм.
Журамд заасны дагуу хэрэглэгч нь стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт электрон тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд галын аюулгүй байдлыг хангасан, тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх шаардлагатай ажээ.
 
Засгийн газрын шийдвэрийн дагуу нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, хоёр тарифт тоолууртай айл өрхүүд цахилгааны үнийн хөнгөлөлт эдэлж байгаа юм.
Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ