Эрдэнэдалайн оёдлын цех “Бат зүү” компанитай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 21:23:51

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ахуй үйлчилгээний төвийн оёдлын цех Улаанбаатар хотын “Бат зүү” ХХК- тай хамтран ажиллахаар болжээ.

“Бат зүү” ХХК эсгэж бэлдсэн сурагчийн дүрэмт хувцсыг тус цехэд өгнө. Цех дүрэмт хувцасыг стандартын нь дагуу оёж гүйцээх юм байна. Түүнээс гадна монгол үндэсний хувцас оёж, түүнийг “Бат зүү” ХХК- д нийлүүлэх тухай ч хоёр тал ярилцжээ.

Орон нутагтаа тасралтгүй үйлдвэрлэл бий болгох үүднээс Эрдэнэдалай сумын ЗДТГ  аймаг, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр ахуй үйлчилгээний төв бариулж ашиглалтад хүлээн авсан бөгөөд төв байгуулахтай зэрэгцэн оёдлын цехэд ажиллах мэргэжилтэй ажилчдыг МСҮТ- тэй хамтран орон нутагтаа сургаж бэлдсэн юм. Оёдлын цех 25 оёдолчинтой. Сумын Засаг дарга Б.Лхагвамандал хэлэхдээ, “Оёдлын үйлдвэрийг санхүүжүүлж, тогтвортой ажиллуулах чадавхи орон нутагт бүрдээгүй тул оёдлын томоохон үйлдвэртэй хамтран ажиллах боломжийг бид хайж, “Бат зүү” ХХК- д санал тавьсан юм. Тус компани бидний саналыг хүлээн авч, хэрхэн хамтран ажиллах талаар харилцан ярилцсан бөгөөд эхний удаад сурагчийн дүрэмт хувцасны 100 ширхэг эсгэсэн өмд өгч манай оёдолчдоор оёулсан. Бэлэн болсон өмдийг одоо компанид хүлээлгэн өгнө. Тэр үеэр хамтран ажиллах тухайгаа баталгаажуулж гэрээ байгуулна” гэлээ.

Үүнээс гадна тус сумын оёдлын цех монгол гэрийн бүрээс гэх мэт эдлэл хэрэглэлүүдийг оёж, орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээнд нийлүүлэх юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ