Ахмад ажилтан Ж.Санжжав Хиагтын районы “Хүндэт иргэн” болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-04 21:38:15
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. ОХУ-ын Буриад Улсын Хиагтын районыхон өнөөдөр орос үндэстний эв нэгдлийн баяраа тэмдэглэлээ.
Орос оронд октябрийн хувьсгалыг авчирсан тэртээ 1917 оноос хойш эдүгээ 100 дахь жилдээ эл баярыг тэмдэглэж байгаа аж. Энэ өдрийг улаан, цагаан гэлтгүй нэг улс нэгдмэл байр суурьтай болсны баярын өдөр гэж тус үйл ажиллагаанд оролцож буй орос хүмүүс ярьж байлаа. Баярын энэ өдрөөр Хиагтын районы төв талбайд албан байгууллагууд жагсаж, дуу бүжиг, хөгжим эгшиглэн, алдартнуудаа тодруулан шагналаа.
Энэхүү баярын үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцсон юм. Сэлэнгэ аймагтай найрамдалт хамтын ажиллагаатай газруудын нэг бол ОХУ-ын Буриад Улсын Хиагтын район билээ.
Энэ үеэр Хиагтын районы “Хүндэт иргэн” цол тэмдгээр үнэн алдартны болон буддын шашны тэргүүн, ахмад дайчин зэрэг дөрвөн хүн шагнуулсны нэг нь Сэлэнгэ аймгийн төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Ж.Санжжав байв. Тэрээр хилийн аймгуудын найрамдалт харилцааг батжин бэхжүүлж, элэгсэг дотно ахан дүүсийн холбоотой байх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн юм. Тиймээс ч ОХУ-ын Буриад Улсын Хиагтын аймгийн удирдлагууд энэхүү хүндтэй шагналаа түүнд гардуулжээ.
Өмнө нь Хиагт хотын “Хүндэт иргэн”-ээр манай улсын нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал тодорч байсныг энэ үеэр дурссан юм. Энэхүү Хиагт хотын “Хүндэт иргэн” цолыг тус районоос энэ оны 05-р сард шинэчилсэн журам гарган Хиагтын районы “Хүндэт иргэн” хэмээн өөрчлөн нэрлэх болсон байна. Ингээд баярын энэ өдрөөрөө “Хүндэт иргэн”-ийг анх удаагаа тодруулан дээрх иргэдийг шагнажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ