Монгол нэхий дэлхийн брэнд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-16 12:54:44

Ариунаа Сүри брэнд болон “Дархан Минж” ХХК-ийн хамтын бүтээл “Snow-2016” шоуг өнгөрөгч амралтын өдөр "Crocus Event Hall”-д зохион байгуулж, нэхий хувцасны чиг хандлагыг танилцуулав.

Энэхүү загварын шоунд монгол хонины нэхийг уян зөөлөн болгон танилцуулснаараа онцлогтой. “Дархан минж” ХХК, Европын “Stahl”, “Sarchem”, Хятадын “Fambo” зэрэг компанитай  хамтран монгол хонины нэхийг боловсруулах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр олон үе шаттай туршилт судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг өөрчилж, өмсөхөд хүнд гэгддэг нэхийг хөнгөн зөөлөн, олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн болж чадсан аж. Нэхийг ингэж боловсруулж чадсан нь загварын ертөнцийн хувьд том онцлох үйл явдал юм. Нөгөө талаар Монголын загвар зохион бүтээгчдэд нэхийгээр хүссэн бүтээлээ хийх боломжтой болж байна хэмээн загвар зохион бүтээгч Ариунаа Сүри хэллээ.

Шоунд Монголын чадварлаг загвар өмсөгчдөөс гадна  “BAZAAR”, “ELLE”, “VOGUE” зэрэг загварын сэтгүүлийн нүүр царай болж олон улсад танил болсон загвар өмсөгчид урилгаар оролцсон юм.  

Ариунаа Сүри брэнд энэ удаагийн загварын сэдвээр мазаалай баавгайг онцлон сонгожээ. Тоо толгой нь цөөрсөн энэ ховор амьтныг хайрлаж, хамгаалж, өсгөж үржүүлээсэй гэсэн уриалга болгож энэ сэдвийг загвартаа тусгасан байна.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ