Ажилгүй иргэдийг цахилгаанчин, гагнуурчны түр сургалтад хамруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ХХҮГ ажил идэвхтэй хайгч иргэдийг гагнуурчин, цахилгаанчны мэргэжил, ур чадвар олгох сургалтад хамрууллаа. Сургалтыг Политехникийн коллежтэй хамтран явуулснаар гагнуурчнаар 20, цахилгаанчнаар 15 иргэнийг бэлтгэжээ. Сургалтад хамрагдсан иргэдийн 63 хувь нь хувиараа багахан хэмжээний үйлдвэрлэл эрхэлдэг, тогтсон ажлын байртай хүмүүс аж.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тогтоолоор энэ онд зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсны нэг нь дээрх чиглэлээр ажил хайгч иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох зорилготой мэргэжлийн болон давтан сургалт юм.
Ажилгүй иргэдийн хувьд ХХҮГ-т бүртгүүлэн хэд хэдэн төрлийн сургалт, дамжаанд хамрагдах боломжтой гэж тус газрын дарга Н.Мөнхгэрэл ярив.
Одоогоор ХХҮГ-ын бүртгэл мэдээллийн санд 1147 ажилгүй иргэн бий. Харин он гарсаар 682 иргэнийг ажилд зуучлан оруулсан байна.
Д.Дэлгэрмаа