Залуучууд замын бартаа саадыг арилгахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-16 14:48:50

Дундговь аймгийн Дэрэн сумын төрийн албан хаагч залуучууд сум орон нутагтаа бүтээлч ажил байнга өрнүүлж, хөдөөд аж төрж байгаа залуусын нийгмийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор сайн дурын клуб байгуулжээ.

Сар бүрийн 15-ныг Залуучуудын өдөр болгох тухай захирамжийг Дундговь аймгийн Засаг дарга энэ сарын эхээр гаргасан. Залуучуудын өдрийг бий болгосонтой холбогдуулан хөдөөд залуучуудын эхний клуб ийнхүү байгуулагдсан байна. Залуучууд клубээ “Цантын залуус” хэмээн нэрлэсэн бөгөөд тэд өчигдөр тохиосон залуучуудын анхны өдрөөр сумынхаа бусад залууст үйл ажиллагааныхаа зорилго чиглэлийг танилцуулжээ.

Клубын эхний ажил болгож залуучууд Дэрэн сумын төв рүү орж ирдэг замын бартааг арилгаж, аюулгүй болгохоор шийдсэн байна. Улаанбаатар Мандалговь чиглэлийн авто замаас Дэрэн сумын төв рүү чиглэсэн зам салдаг бөгөөд энэ замын сумын төвд ойролцоо хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдмал, хад асга, гуу жалгатай замын огцом эргэлт зэрэгцдэг тул осол эндэл гарах эрсдлийг үүсгэсэн байдаг аж. Тиймээс залуучууд хөдөлгөөн ихтэйд тооцогддог замын энэ хэсгийн бартааг арилгахаар болсон бөгөөд энэ ажил нь сумын Засаг даргаас дэмжлэг үзүүлэх юм байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ