Иргэдээр хэлэлцүүлж байж асуудлыг шийддэг арга зүйг нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-11-19 10:13:37
Хэнтий /МОНЦАМЭ/. УИХ-аас 2017 онд Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх” төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Амгаланбаатар санаачлан боловсруулжээ.

Энэ нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх” төслийн тэтгэлэг хөтөлбөрт шалгарч, Д.Амгаланбаатар Тэргүүлэгчийн боловсруулсан санал хэрэгжих боломжтой болсон юм.

Тус аймгийн ИТХ-ын “Шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх” ажлын хүрээнд эхний удаад Хэрлэн сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 10.4 га талбайг эзлэн оршиж буй хуучин оршуулгын газрыг дахин төлөвлөх, оршуулгын үйл ажиллагааг цаашид хэрхэн шийдвэрлэх асуудлыг сонгон авч,  Хэрлэн сумын иргэдээр хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлэгт Хэрлэн сумын нийт иргэдийг төлөөлсөн 200 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, эдгээрээс нас, хүйс, оршин суугаа багийн төлөөллийг харгалзан 50 хүнийг сонгон  хэлэлцэж буй асуудлын талаарх танилцуулга мэдээллийг хийсэн байна. Хэлэлцүүлгийн төгсгөлд иргэдээс уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал асуулгын судалгааг дахин авч,  үр дүнг нэгтгэн  Хэнтий аймгийн болон Хэрлэн сумын ИТХ-д уламжлан шийдвэрлүүлэхээр болжээ. 

Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх нь төр засаг, орон нутгийн удирдлагын үүрэг байдаг. Сүүлийн жилүүдэд аймаг, сумын удирдлага орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ иргэд, оршин суугчдаас саналыг нь авч, шийдвэр гаргахдаа иргэдийн санал, судалгааны үр дүнг харгалзан үзэхийг ийнхүү эрмэлзэх болсон нь сайшаалтай.
Д.Одонтунгалаг
Холбоотой мэдээ