Залуус эв нэгдэлтэй байж оролцоогоо аль ч салбарт идэвхжүүлэхэд санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-11-21 15:09:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ноос НҮБ-ын Ардчиллыг дэмжих сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Эрхээ идэвхжүүлье: Залуучуудын оролцоо” төслийн хүрээнд зүүн таван бүсийн чуулганыг энэ сарын 18, 19-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.

Чуулганыг нээж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэхдээ, “Энэ жилийн таван бүсийн чуулганы отгон чуулган нь зүүн бүсийн залуучуудын чуулган болж байна. Уг чуулганы зорилго нь залуусыг нийгэмд, шийдвэр гаргах төвшинд оролцоотой байхыг уриалж, тэднийг нэгтгэх юм” хэмээн онцлов.

Чуулганы эхний өдөр МЗХ-ны Ерөнхийлөгчийн бодлогын зөвлөх, “Их Монгол Язгууртан” ТББ-ын тэргүүн Ө.Баяраа “Монгол залуу хүний оролцоо”, “Бизнес нэгдлийн дээд зөвлөл”-ийн тэргүүн А.Лхагвасүндэв “Иргэний оролцоо” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын газрын Залуучуудын газрын дарга Г.Батдорж “Хувь хүний хөгжил”, Залуучуудын хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах  мэргэжилтэн Н.Мандуул “Залуучуудын Хөгжлийн тухай хууль”-ийн танилцуулгыг залууст хүргэв.

Хоёр дахь өдөр Жендерийн Үндэсний шинжээч Ж.Занаа “Эмэгтэйчүүдийн оролцоо” тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд зориулсан эмэгтэйчүүдийн эрх, манлайлал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сэдвээр илтгэл тавьж, практик сургалт явуулав.
Залуу эмэгтэйчүүд, ажлын байран дахь бэлгийн дарамт, өрх толгойлсон эмэгтэйчүүд их болсон, залуу эмэгтэйчүүдэд зориулсан хууль эрх зүйн орчин дутмаг, эмэгтэйчүүд өөрсдөө нийгмийн идэвх оролцоо муу байдаг зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Мөн Сургалт Судалгааны Полиси төвийн сургагч багш Д.Түмэнхишиг “Залуучуудын хөгжил, оролцоо” сэдвээр илтгэл тавьж, тэдний оролцоог дээшлүүлэхэд чиглэсэн багийн сургалт явууллаа.

Залуус эв нэгдэлтэй байж, оролцоогоо аль ч салбарт идэвхжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нийлж, цаашид хамтарч олон төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болов.
Чуулганд Дорнод, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн 80 гаруй төлөөлөл оролцсон юм.
Ж.Болор
Холбоотой мэдээ