Суллагдсан иргэд ажил идэвхтэй хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-17 10:10:51

Өршөөлийн хууль хэрэгжиж, 2071 хүн хорих ангиас суллагдсан. Өршөөгдөгсдийн 1558 нь  гэртээ байгаа гэдгээ цагдаагийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, бүртгүүлсэн байна.

Хөдөлмөрийн яам суллагсдыг харьяа хөдөлмөрийн хэлтэс, ажил олгогчтой холбон ажлын байраар хангана гэж мэдэгдсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар суллагдсан  иргэдийн 300 гаруй нь өөрийн харьяа хөдөлмөрийн хэлтэстээ бүртгүүлж, ажилд орох анкет бөглөжээ. Харин 100 гаруй нь цалинтай ажилд ороход бэлэн гэсэн байна. Хүйтний улирал эхэлж, барилга бүтээн байгуулалтын ажил зогсож, ажлын байр хомс тал руугаа шилжсэн. Одоо эрэлттэй ажлын байр  үйлчилгээ, боловсруулах үйлдвэрийн салбарт буй.

Хөдөлмөрийн яамнаас өршөөгдсөн иргэдтэй ганцаарчилсан уулзалтууд хийж,  заавар, зөвлөгөө өгч эхэлжээ. Тус яам ажил олгогчдод нэг жилээс дээш хугацаанд суллагдсан иргэдийг тогтвортой ажлын байраар хангаач гэсэн санал тавиад байна. Хэрэв ажил олгогч тухайн иргэдийг найдвартай, тогтвортой ажлын байраар хангавал Хөдөлмөр дэмжих тухай хуульд зааснаар хөдөлмөрийн хөлсийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгийн урамшууллыг нэг жилд авах боломжтой юм. Ийнхүү суллагдсан иргэд, холбогдох яамд ажлын байраар хангахын төлөө хаана хаанаа идэвхтэй ажиллаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ