Бэлгийн боловсролыг ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт нь оруулж мэдлэг олгодог болъё!

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dusem11@yahoo.com
2017-12-01 09:00:43

Өнөөдөр 12 дугаар сарын нэгэн. Жил бүрийн энэ өдөр хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар болон Дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулдаг.

ХДХВ нь ДОХ өвчнийг үүсгэгч вирус юм. ХДХВ болон ДОХ нь нэг ойлголт биш. ХДХВ-ийн халдвар тээгч хүн бүр ДОХ-ын халдвартай гэсэн үг биш. Харин ДОХ-той хүн бүр ХДХВ-ийн халдвартай. ХДХВ-ийн халдвар авсны дараа удаан хугацааанд хүний дархлалын тогтолцоо гэмтэж суларснаас яваандаа ямар  ч өвчнийг эсэргүүцэх чадваргүй болдог бөгөөд төрөл бүрийн өвчнөөр өвчлөх магадлал өндөр болдог. Энэ үеийг Дархлалын Олдмол Хомсдолд орлоо гэж хэлдэг байна. ДОХ нь үхэлд хүргэж болох дагалдах халдварууд болон хорт хавдраар голчлон илэрдэг.

Энэ жилийн хувьд "Би сэргийлж чадна, Харин Та" гэсэн уриаг дэвшүүлсэн. ХДХВ/ДОХ гэхээр хүмүүс нэг л өөр өнцгөөс харж, айдас түгшүүртэй, хөндий хүйтнээр цэрвэж ханддаг нь нууц биш.

Харин өнөөдөр бодит амьдрал дээр бидний дунд ХДХВ/ДОХ-той хүмүүс байж л байна. Энэ халдварыг авсан хүн цаг хугацаа хожимдолгүй эмнэлэгт хандаад эмчлүүлэхэд В,С вирусийн халдвар авсан хүнтэй л адил эмчлэгдэх боломжтой вирусийн гарал, угшилтай өвчин юм.

Хэнийг ч гаднаас нь хараад, өө энэ нөхөр ХДХВ-ийн эсвэл В,С вирусийн “Халдвар тээгч” гэж мэдэх боломжгүй. Аливаа халдварт өвчнөөс хүн бүр “пүү паа” болж ихэд цэрвэдэг атлаа түүний хор хөнөөл, халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх зохих мэдлэг мэдээллийг олж авах талаар бид бүхэн ихэд хойрго ханддаг. Энэ бол бидний нөгөө л монгол араншин.

ХДХВ-ийн халдвар нь тухайн хүний гэнэн, хэнэггүй, мэдээлэлгүй, хариуцлагагүй байдлыг нь анаж, отож байдаг. Үүнийг хүмүүс, ялангуяа өсвөр, залуу үеийнхэн огт анзаардаггүй нь харамсалтай. Өсвөр наснаасаа олж авсан бүрхэг мэдээлэл, бүрэн төлөвшөөгүй дадал зуршлаа өөрчилж байж л бид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.

Өнөөдөр бэлгийн замаар дамжих өвчин /БЗДӨ/, ХДХВ/ДОХ, сүрьеэ, В, С вирус зэрэг халдварт өвчний талаар хүн бүрт бага наснаас нь шат дараатай таниулан, эдгээр өвчний халдвар авахаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг түгээх цогц боловсролын асуудлыг авч хэрэгжүүлэх ажил Монгол Улсын хэмжээнд орхигдсоор л байна. 

                                  Монгол Улсын хүн ам хэд билээ?

Манай улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 мянга 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 мянган хүн амд 120 ногдож байгаа нь тийм ч бага тоо биш юм.

Зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 12 мянга 153 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 33.1 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 19 өвчлөл буюу 0.2 хувиар өсчээ. Нийт өвчлөлийн 29.9 хувийг заг хүйтэн, 40.9 хувийг тэмбүү, 29.1 хувийг трихомониаз, 0.1 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар тус тус эзэлж байгаа аж. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 44 тохиолдол бүртгэгдсэнээс 11 тохиолдол нь нас барж, долоо нь амьгүй төрсөн тохиолдол бүртгэгджээ. Өмнөх оны мөн үеэс 12 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байгаа нь ХДХВ/ДОХ-ын асуудлаас ч илүүтэй нийгмийг цочроосон хурц асуудал болсныг нотолж байна.

Энэ статистик тоо баримтаас харахад, дээр дурдсан хугацаанд 4800 гаруй тэмбүү, 7200 орчим заг хүйтэн, трихомониазын халдвартай хүн эмнэлэгт ханджээ. Харин тэдний ард хэчнээн халдвартай хүн бидний дунд алхаж явааг таашгүй. Уг халдварыг тээгчид нь өсвөр, залуу үеийнхэн буюу 15-35 насныхан зонхилж байгаа юм.



Алаг эрээн амьдралын босгыг алхан ороод удаагүй байгаа өсвөр, залуу үеийнхэн энэ халдварыг өөрийн сайн дураар аваагүй нь мэдээж. Харин тэд энэ эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар өөрийн сурч буй сургууль, эцэг эхээсээ мэдээлэл олж авах боломж нь хаалттай байснаас л үүдэлтэй.

Монгол Улсын хүн ам хэд билээ, тэдний хэдэн хувь нь өсвөр, залуу үеийнхэн  байгааг эргэж харахад, халдварт болон халдварт бус өвчний тархалт, хор хөнөөл нь хүн амын эрүүл мэндэд төдийгүй нийгэм, эдийн засагт чамгүй гарз, хохирол учруулсаар байгааг энэ мэт тоо баримтаас харж болно.

        Хүний эрхийг дээдэлж байж, аливаа эрсдлийг бууруулж чадна

Манай улсад 85 цэгт ХДХВ-ийн шинжилгээ хийж байгаа ч уг вирусийн халдварыг авах өндөр магадлалтай хүмүүс үүнд хамарч чадахгүй байгаа нь нууц биш. Тэгэхээр улс орны хөгжил, нийгмийн ороо бусгаа байдал, ядуурал, архидалт, биеэ үнэлэлт нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйн гол шалтгаан гэж болно.

Манай улсад 1992 оноос өнөөдрийг хүртэл ХДХВ/ДОХ-ын 249 тохиолдол бүртгэгдсэн. Нас баралтын нийт 40 тохиолдол байгаагаас 2017 онд нас баралтын таван  тохиолдол тус тус бүртгэгджээ. Бид энэ талаар мэдээлэхээс илүүтэй уг халдвараас хэрхэн сэргийлэх талаар нийгмийн шат шатанд таниулж, ойлгуулах нь хамгийн чухал юм.

Өнөөдөр бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь /246/ нь ХДХВ-ийн халдвар бэлгийн замаар дамжсан байдаг. Харин цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байх эрсдлийг үгүйсгэж байгаа юм. Тухайлбал, халдвартай 13 эхээс халдваргүй 19 хүүхэд төрсөн /5 ээж давтан төрсөн/ байна.

Харин ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн 249 тохиолдлын 81 хувь /202/ нь эрэгтэйчүүд байгаа нь анхаарах ёстой асуудал юм. Хамгийн болохгүй, бүтэхгүй, нийгмийн шаар болсон хүмүүс л энэ халдварыг авдаг гэсэн ойлголт манай нийгэмд амь бөхтэй оршсоор байна.

ХДХВ-ийн халдвар нь хэн нэгнийг нас, хүйс, баян, ядуу, дарга, цэрэг, бизнесмэн, төрийн түшээ гэж ялгаварлан гадуурхдаггүй. Гэхдээ та халдвартай хүнийг энэ байна гэж мэдэх боломжгүй. Тухайн хүн ямар ч өвчин, эмгэг тусч болно. Харин энэ нь хувь хүний нууц байх учиртай. Хэн нэгэн түүнийг олон нийтэд задруулах, гутаан доромжлох  эрх байхгүй. Харин энэ бүхний цаана бие хүн, хүний эрх, хувь хүний ирээдүй, амьдрал байдгийг бид мартах учиргүй.

    Өсвөр үеийнхэнд багш, аав ээж нь хамгийн ойрын зөвлөгч байдаг

Бэлгийн замаар дамжих өвчин эрс нэмэгдэх болсон нь өсвөр, залуу үеийнхэнд зөв мэдээлэл, дадал зуршлыг эзэмшүүлэх ёстой сургууль, халамжлан хүмүүжүүлэгчид нь үүрэг, хариуцлагаа орхигдуулсаны нэгэн тод жишээ юм.

Манай улсын ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн тэр тусмаа нөхөн үржихүй, бэлгийн харилцааны талаар шат дараалсан хичээл заах нэн шаардлагатай байгааг ч дээр дурдсан тоо баримт харуулж байна. Мөн эцэг эхчүүдэд өсвөр насны хүүхэдтэйгээ нөхөн үржихүйн талаар нас насны онцлогийг нь харгалзан тусгайлан цаг гаргаж харилцан ярилцдаг дадал зуршлыг бий болгох талаар ээж, аав нарт зориулсан тусгай сургалт ч үгүйлэгдэж байгаа юм. Өсвөр насныханд бэлгэвч хэрэглэх тухай ухуулж байхаар хэдэн насанд хүрээд бэлгийн харьцаанд орох нь зөв гэдгийг ойлгуулах шаардлагатай юм.


Өнөөдөр хүн амын дунд, ялангуяа өсвөр үе, залуучууддаа нөхөн үржихүйн болон бэлгийн харилцааны талаар соён гэгээрүүлэх ажлыг орон даяар нэгдсэн журмаар үе шаттай хэрэгжүүлснээр, ирээдүй хойч үе маань аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалж чаддаг болно.

Гадаадын улс орнуудын ямар туршлага, ололт байдгийг ч судлаж үзэх цаг үе нь иржээ. Мэдээллийн асар хурдтай өнөөгийн эрин үед хүүхэд, залууст танин мэдэхүйн олон эерэг, сөрөг сувгууд нээлттэй байна.

Харин тэдэнд зөв чиг хандлагыг бий болгоход багш, эцэг эхийн үүрэг, хариуцлага онцгой ач холбогдолтой байна. Тийм ч учраас нэн даруй ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн хичээлийн программ, хөтөлбөрт нь хүний нөхөн үржихүйн  болон хүмүүний ёс, зүйн хичээлийг шат дараатай оруулж өгье!

Бид өсвөр үе, үр хүүхдүүдийнхээ ариун гэгээн оюун санаа, ухамсарт нь зөв мэдээлэл, зөв дадал зуршлыг суулгаж байж л тэд өөрсдийгөө аливаа халдварт өвчний эрсдэлээс болон буруу дадал зуршлаас ангид байлгаж чадна. 

 

Д.Өлзий

Холбоотой мэдээ