Сурагчид “Туг цэнгүүлэх наадамд” уран үгсээрээ өрсөлдлөө

Орон нутагт | Өвөрхангай
erdenechimeg@montsame.mn
2015-11-17 20:18:21

Өвөрхангай аймгийн “Арвайн хүрээ” утга зохиолын нэгдлээс ЕБС-ийн сурагчдын дунд Туг цэнгүүлэх яруу найргийн наадам зохион байгууллаа.

Өвөрхангай аймагт утга зохиолын нэгдэл үүсэн байгуулагдсаны 60 жил, Нийтийн номын сан бий болсны 70 жил, Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд болж буй уг наадамд нийт 240 хүүхдийн уран бүтээл ирсэн ч ихэвчлэн бусдын яруу найраг, бүтээлийг хуулбарласан байсны улмаас 30 хүүхдийг сонгон оролцуулсан болохоо “Арвайн хүрээ” нэгдлийн тэргүүн На.Пүрэв хэлж байлаа.

Авьяас билэг, ур чадвараа дайчлан оролцсон 30 хүүхдээс 15 хүүхдийг насны ангиллаар шалгаруулан 5 байр эзлүүлж, шагнан урамшуулсан байна. Шалгарсан хүүхдүүдийн бүтээлийг МҮОНТ-ийн Хүүхдийн уран зохиолын цагаар болон Арвайхээр телевизийн Уран зохиолын цагаар олны хүртээл болгож байна.

Дашрамд дурьдахад Монголын Зохиолчдын хорооноос Өвөрхангай аймгийн утга зохиолын “Арвайн хүрээ” нэгдэлд орон нутагт байгуулагдсан утга зохиолын ууган нэгдэл төдийгүй сайн үйл ажиллагаа явуулж буй гэдэг үндэслэлээр “Арвайн хүрээний хөтөл” хэмээх тугийг гардуулан өгсөн бөгөөд тугийг хадгалах бус олонд сурталчлах, үйл ажиллагаанд ашиглах нь чухал гэх үүднээс энэхүү наадмыг “Туг цэнгүүлэх” хэмээн нэрлэсэн болохыг зохиолч, сэтгүүлч На.Пүрэв онцлон хэлж байв.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ