Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эмийн үнийн хөнгөлөлтөд 4.2 тэрбум төгрөг зарцуулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-12-10 00:22:43

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг таван эмийн сан байдаг байна. Завхан эм хангамж, Монос, Гэрэлт шүтээн, Тунгийн увидас, Сод овоот гэх мэт. Гэтэл Завхан эм хангамж эмийн сангийн гадна сар бүр хөнгөлөлттэй жороор үйлчилгээ авах гэсэн иргэд дараалал үүсгэж хэл ам дагуулдаг байна. Энэ талаар тус эмийн сангийнханаас тодруулга авлаа.
-Сайн байна уу? Танай эмийн сан сар бүрийн эхний долоо хоног байнгын дараалалтай байх юм. Энэ ямар учиртай юм бол?
-Тиймээ. Эмийн хөнгөлөлттэй жорыг өрхийн эмнэлгүүд сарын эхний долоо хоног бичиж өгдөг болсон. Үүнээс болж тэр сардаа эмээ авах гэсэн иргэд манайд дараалал үүсгэдэг. Тухай бүр нь шуурхай үйлчлээд болоод байдаг байсан харин энэ сар дараалал арай их болоод байна. Иргэд аль эмийн сангаас авах нь өөрийнх нь сонголт гэтэл манайхыг үнэ хямд, нэр төрөл олон гэсэн шалтгаанаар илүү их хүлээлт үүсгэх боллоо. Нийгмийн даатгалаас өгөх хөнгөлөлттэй жорын төсөв эмийн сангуудад тэгш бус хуваарилалттай байдгийг иргэд ойлгохгүй байна. Манай ажилчид бүгд зэрэг ажиллаад ч хүч хүрэхгүй байна. Шилэн лангуун дээр тэгнэж хэвтчихээд өгөхгүй бол хэлдэг газар нь хэлнэ гээд хэвтчих юм.
-Цаг уртасгаж ажиллаж байгаа гэсэн?
-Тиймээ манайх сүүлийн хэдэн өдөр шөнийн 21.00 цаг хүртэл ажиллалаа. Гэтэл тэгээд ч нэмэр алга. Манайх эмийн сонголт бусад эмийн сангуудыг бодоход арай сайн байх шиг байна. Бас үнэ хямд байдаг гээд иргэд их ирдэг. Бид аль болох сард олгогдсон эрхийнхээ дагуу олгох ёстой эмийг олгоод явж байгаа. Гэтэл зарим иргэд байнга хэл ам хийж бидний ажилд хүндрэл учруулах үе гардаг. Иргэд өрхийн эмнэлгээрээ дамжуулан сар бүрийн эхний долоо хоногт хөнгөлөлттэй эмийн жороо бичүүлж аваад тэр долоо хоногтоо л эмийн сангаас эмээ авахгүй бол жор нь сарын хугацаанд хүчинтэй ч эмийн сангууд нь эм байхгүй, манайх олгохгүй байгаа гэж хэлдэг хэмээн зарим иргэд гомдлоо ч хэлж байгаа. Ер хөнгөлөлттэй эмийн жороор олгох үйлчилгээг цэгцтэй болгохгүй бол эмийн сангууд ч тэр, иргэдэд ч хүндрэлтэй асуудал болоод байна.

Эмийн хөнгөлөлтийн төсвийг олгохдоо тухайн газрын хүн амын тоо,
өвчлөлийн тоог харгалзан үздэг

Харин аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсээс дараах тайлбарыг авлаа.
-Сайн байна уу? Завхан аймгийн хэмжээнд жилд хэчнээн төгрөгийг эмийн үнийн хөнгөлөлтөнд зарцуулдаг вэ? Энэ төсөв хүрэлцээтэй байдаг уу?
-Завхан аймгийн хэмжээнд эрүүл мэндийн даатгалын санд жилд 1.5 тэрбум төгрөг төвлөрдөг. Жилд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд болон эмийн үнийн хөнгөлөлтөнд 4.2 тэр бум төгрөг зарцуулж байгаа. Тийм болохоор эрүүл мэндийн даатгалын сангаас нэмж төсөв шийдвэрлэх боломж бага байгаа. Өнөөдрийн байдлаар 900 орчим нэр төрлийн эмийг 500-60000 мянган төгрөгөөр хөнгөлж иргэдэд үйлчилж байна. Энэ асуудал зөвхөн манай аймгийн хэмжээнд биш улсын хэмжээнд яригдаж байгаа зүйл болохоор нэг шийдэлд хүрэх байх гэж бодож байна. Батлагдсан төсвийн хүрээнд аль болох бүх иргэдэд хүртээмжтэй хүргэх талаар өрхийн эмнэлэгүүд болон эмийн сангуудтай хамтран ажиллаж байгаа.
-Энэ талаарх мэдээ мэдээллийг иргэдэд өгдөг үү. Ер нь эмийн сангуудад ямар журмаар хөнгөлөлттэй эм олгох эрхийг олгодог юм бол?
-Манай байгууллагаас иргэд мэдээллээ чөлөөтэй авч болно. Бид сар бүр иргэдэд нээлттэй мэдээ мэдээлэл өгдөг цагтай. Мөн хамтран ажилладаг төрийн байгууллагуудад ч мэдээллийг хүртээмжтэй нээлттэй өгч байгаа. Эмийн сангууд нь тухайн жилийн эхэнд салбар яам, нийгмийн даатгалын газартай гэрээ хийдэг. Гэрээг хийхдээ Эмийн сангууд нь сонгон шалгаруулалтанд ордог. Тухайн эмийн сангийн эргэлтийн төсөв, байршил, үйлчлүүлэгчдийн тоо, эмийн нөөцийг харгалзан үзээд салбар яамнаас тендер шалгаруулж үнэлгээ хийдэг. Энэ мэтчлэн сонгон шалгаруулалтанд тэнцсэн эмийн сангууд иргэдэд хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилгээг үзүүлдэг байгаа. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд нийт 27 эмийн сан хөнгөлөлттэй эмийн жороор үйлчилдэг. Улиастайд таван эмийн сан хөнгөлөлттэй жороор үйлчилдэг. 

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ