Дорноговийн Даланжаргалан суманд шүлхий өвчин гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-13 22:10:31
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн нутагт энэ сарын 11-нд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ.
Шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын захирамж гарч хорио цээрийн дэглэм тогтоож,  орон нутгийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байна.
Нөхцөл байдал ямар байгаа талаар Даланжаргалан сумын ЗДТГ-ын бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ш.Ганцэцэгээс тодруулахад “Шүлхий өвчин гарсантай холбогдуулан сумын Засаг даргын захирамж гарч шаардлагатай арга хэмжээг авч байна. Өвчилсөн 16 бог, таван бодийг тусгаарласан. Мөн хоёр айлын сэжиг бүхий малаас дээж авч шинжилгээнд явуулсан. Аймгаас МХГ, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, мал эмнэлгийн байгууллагаас холбогдох мэргэжилтнүүд манай суманд ирж ажиллаж байна. Мал эмнэлгийн ажилтнууд гурван хэсэгт хуваагдан өвчин тархаж болзошгүй газрын нийт 34200 бог малд урьдчилан сэргийлэх тарилгыг энэ сарын 12-ноос  хийж эхэллээ. Авто машин  ихээр зорчдог газруудад пост ажиллуулж, хөл хорио тогтоож  байна” гэв.
Сумын Засаг даргын захирамжаар сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж ажиллах бүрэлдэхүүн, техник хэрэгслийн бэлэн байдал, байнгын хяналтын цэг, хөдөлгөөнт эргүүлийг томилж, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний орон байр, хоол хүнс шатахуунаар хангаж ажиллах зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ