Ардчилсан Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг батламжиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2017-12-16 15:37:35
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ардчилсан Намын дэргэдэх Ардчилсан Залуучуудын Холбооны VIII их чуулган үргэлжилж байна.

Ардчилсан Намын шинэчлэлийн бодлогын хүрээнд Ардчилсан Залуучуудын холбоо анх удаа 90 мянган гишүүдийн дунд санал хураалт явуулж, тус холбооны зургаа дахь Ерөнхийлөгчөөр С.Эрдэнэболдыг сонгосон. Тэгвэл 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн залуусын төлөөлөл өнөөдөр гишүүдийн саналаар сонгогдсон холбооны анхны Ерөнхийлөгч С.Эрдэнэболдыг батламжиллаа.

Мөн төлөөлөгчид цаашдын бодлого, үйл ажиллагааныхаа чиглэлийг хэлэлцэж батлахаас гадна “Үндсэн хууль”, “Уул уурхай ба эдийн засаг”, “Залуучууд ба оролцоо” гэсэн гурван салбар хуралдаанаар хэлэлцүүлэг өрнөж байна. Түүнчлэн VIII их чуулганаар  залуучуудын хөгжлийн төлөөх олон талт санаачилгыг дэмжин, хандлага, эерэг өөрчлөлтийг бий болгох таван дэд хөтөлбөр бүхий "Андууд" санаачилга албан ёсоор хэрэгжиж эхэлснийг зарлалаа.

Тодруулбал нийгмийн бүхий л хэлбэрийн тэгш бус байдлыг багасган, эх орны өнцөг булан бүрт байгаа залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг жинхэнэ утгаар нь бий болгож, хөгжлийн төлөөх бодит оролцоо, “Андууд-Нэг гэр бүл”, “Андууд-Илгээлтийн эзэн”, “Андууд-Сургалт, Хөгжлийн хөтөлбөр”, “Андууд-шинэ соёл” гэсэн таван дэд хөтөлбөр 2018 оныг дуустал хэрэгжихээр болж байна.
Б.Заяа
Холбоотой мэдээ