Дохиолол холбооны гуравдугаар ангийн түүхт 40 жилийн ой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-12-17 21:15:24
Дорноговь /МОНЦАМЭ/. УБТЗ-ын Дохиолол холбоо, сүлжээ, эрчим  хүчний албаны Сайншанд дахь  Дохиолол холбооны гуравдугаар анги байгуулагдсаны түүхт 40 жилийн ой энэ сарын 15-нд боллоо.1977 оны нэгдүгээр сарын 12-нд анх байгуулагдаж тулгын чулуугаа тавьж байсан энэ байгууллага эдүгээ 200 гаруй ажилтантай, төмөр замын дохиолол холбоог хэвийн найдвартай  үйл ажиллагаагаар хангаж 40 дэх жилдээ амжилттай  үйл ажиллагаа явуулж байна.
Дохиолол холбооны гуравдугаар ангийн дарга Д.Хатанзориг:
Манай байгууллага Төмөр замын өртөө дамжсан гэрлэн дохиог хэвийн ажиллуулж, галт тэргийг нэг замаас нөгөө замруу шилжүүлэх суман шилжүүлийн үүрэг гүйцэтгэж, мөн төмөр замын технологийн холбооны үйлчилгээний хэвийн ажиллагааг хангаж ажилладаг.
Сүүлийн 10 жилийн хугацаанд  “Замын-Үүд 2”  өртөөг өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц бололцоогоо ашиглаж байгуулсан, орчин  үеийн дохиолол төвлөрүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологи буюу алсын удирдлагатай 31, 36, 39, 41 зөрлөг байгуулсан гээд бүтээн байгуулалт, ололт амжилтаар ойгоо угтаж байна.
Өмнө нь  зөрлөг дээр  24 цагаар байнгын механик ажилладаг байсан бол технологийн шинэчлэл хийснээр  зэргэлдээх зөрлөгөөс алсын зайнаас удирддаг болсон. Төмөр замын хөдөлгөөнийг дэлгэц, камерын хяналтын тусламжтайгаар алсаас удирддаг болсон нь хөрөнгө хүч, цаг хугацаа хэмнэсэн чухал ажил болсон.
Ойн арга хэмжээнд удирдах ажилтнууд, гавьяаныхаа амралтад суусан ахмадууд, залуу, дунд үеийнхэн оролцлоо.Мөн  манай салбарын зарим тэргүүний хүмүүс хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж шагнууллаа. Манай байгууллагад төмөр замын дохиолол холбооны чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчнүүд ажилладаг бөгөөд нийт ажилтнуудын 70 гаруй хувийг  18-35 насны залуучууд эзэлдэг гэв.

Ахмад инженер  Б.Бат-Эрдэнэ:

Дохиолол холбооны энэхүү байгууллагад 37 жил ажиллаж гавьяаныхаа амралтад суусан. Би холбоо хариуцсан ахлах инженерээр ажиллаж байлаа. Ихэнх ажлыг өөрийн биеэр гараар нугалдаг байсан санагдана. Бидний үеийн тоног төхөөрөмж үеэ өнгөрөөж дохиолол холбооны салбарт сүүлийн үеийн дэвшилтэд технологи нэвтрэн цаг хугацаа, хөрөнгө санхүүг хэмнэж ажиллаж байгаа харахад урамтай байна. Тэр цаг үед хамт ажиллаж байсан нөхөддөө болон одоо ажиллаж байгаа  залуу хойч үеийнхэндээ Дохиолол  холбооны гуравдугаар анги байгуулагдсаны түүхт 40 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Тус анги нь Говьсүмбэр аймгийн цаахна орших  Наран Элгэн зөрлөгөөс улсын урд хил хүртэл 561 км гол зам, Бор өндөр, Зүүнбаянгийн 110 км салаа зам , нийт 671 км замд 21 өртөө зөрлөг,  таван холбооны байшинг харъяалан үйл ажиллагаа явуулж байна. Ангийн 19 өртөө зөрлөг цахилгаан төвлөрүүлэлт, бүх хоорондын зам нь хагас автомат хориглолын байгууламжаар тоноглогдсон аж.
Дохиолол холбооны гуравдугаар ангиийнхан түүхт 40 жилийн ойгоороо  гавьяат үйлстэн Б.Чимэдбаатарын нэрэмжит хаягийн нээлтийг хийж, түүхэн амжилт, он цагийг хэлхээсийг харуулсан баярын хурлыг зохион байгуулжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ