Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-18 14:29:52

Дундговь аймаг ундны усны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөтэй болохоор зэхэж байна.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр орон нутагт усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулахад анхаарч байгаа бөгөөд усны аюулгүй байдлын төлөвлөгөөний үндэсний зөвлөхүүд өнгөрсөн сард Дундговь аймагт ажилласан юм. Энэ үеэр Мандалговь хотынхны ундны усны аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийхэд 70 гаруй төрлийн эрсдэл маш их гэсэн үнэлгээтэй гарчээ.

Энэ эрсдлийг бууруулж, ундны усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн төлөвлөгөөг ойрын хугацаанд гарган хэрэгжүүлэх шаардлага ялангуяа 35 км холоос ундны устайгаа залгадаг Мандалговь хотынхны хувьд тун чухал байгаа юм.Тиймээс аймгийн Засаг дарга төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулсан байна.

 Ажлын хэсгийн гишүүн, “Дундговь- Ус” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б. Отгонтөгс хэлэхдээ, судалгаагаар гарч ирсэн 70 гаруй эрсдлийн нэлээд хэсгийг манай байгууллага өөрийн хөрөнгө, хүчээр хийчих боломжтой. Өөрсдөөс шалтгаалах бүгдийг манай байгууллага хийнэ. Харин аймаг орон нутгийн зайлшгүй дэмжлэгтэй хийх нэн түрүүний ажил бол цэвэр усны байгууламж онцгой объект учраас цагдаагийн хамгаалалтад оруулах, хамгаалалтыг чангатгах шаардлагатай байгаа юм гэлээ.

Усан сангуудын таг битүүмжлэл муутай, усанд нян судлалын шинжилгээ, халдваргүйтгэл хийгддэггүй, хамгаалалтын бүс байхгүй, аймгийн төвийн шугам сүлжээнд халуун, хүйтэн усны сувгийн жийрэг гэмтлээс халуун хүйтэн ус холилдох магадлал өндөр, төв шугамаас ус түгээх байруудад дан шугам холбосон нь хөлдөлт үүсэх нөхцлийг бүрдүүлсэн гэх зэрэг олон эрсдэл Мандалговь хотынхны ундны усны хангамжид байгаа ажээ.

Т.Отгонтуяа

Холбоотой мэдээ