Есөн аймгийн туульчдын уулзалт Богд хааны ордон музейд эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-11-18 14:58:43

“Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь” төслийн хүрээнд туульч багш, шавь нарын уулзалтыг өнөөдөр Богд Хааны Ордон музей дэх Хаан туульсын өргөөнд эхэллээ.

Энэ үеэр Монгол туулийн гал голомтыг хадгалж, үеэс үед уламжлан улмаар залуу үедээ өвлүүлэн сургаж буй туульчид "Монгол туульчид" бэсрэг тоглолт хийлээ. Ховд, Увс, Баянхонгор, Дорноговь зэрэг 9 аймгийн туульч өөрийн шавь нартайгаа хүрэлцэн ирж уламжлалт  тууль хайлав.

Монгол тууль нь 2009 онд ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол Улсын  ховор, хосгүй биет бус соёлын өвийн нэг юм.   

Өдгөө манай улсын баруун хязгаарт 10 хүрэхтэй үгүй цөөн тооны туульч тууль хайлах уламжлалт урлагаа хадгалан үлдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Баруун бүс, Улаанбаатарт цөөн тооны туульчид бүртгэлтэй аж.

Тууль хайлах урлагийг өвлөн уламжлагч ардын авьяастны тоо буурч, урын сан нь хомсодсоноор уламжлалт туулийг дутуу дулимаг хайлах, зан үйл нь орхигдож онцлог шинж чанар нь алдагдаж байгааг туульчид хэлж байна.

Иймээс ЮНЕСКО-гийн санхүүжилтээр “Монгол туулийн уламжлалыг хадгалж хамгаалах, сэргээн амилуулах нь” төслийг Монгол туулийн эдүгээгийн амьд уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, мартагдсан туулиудыг сэргээх, туулийг өвлөгч авьяастнуудын тоог нэмэгдүүлэх, цаашид бие даан тогтвортой хөгжин уламжлах дархлааг бий болгох зорилгоор 2013 оноос хэрэгжүүлж эхэлжээ.

Туульч багш, шавь нарын уулзалт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ