Агаарын бохирдол нь амьсгалын замын архаг өвчлөлийг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-18 17:06:00
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас Арвайхээр сумын агаарын чанар нь амьсгалын замын өвчлөлд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийжээ. Агаар дахь Pm10 том ширхэгт тоосны агууламж нэмэгдэх нь амьсгалын доод замын архаг өвчлөлд шууд болон дунд зэргийн хамааралтайгаар нөлөөлдөг ба Арвайхээр суманд хүйтний улирал эхлэхээр амьсгалын доод замын архаг өвчний тохиолдол 1,5-2,5 дахин их, хамрын ба хамрын ангиллын бусад эмгэг 1,6 дахин нэмэгдэж байна. Өвөрхангай аймагт сүүлийн гурван жилд бүртгэгдсэн амьсгалын доод замын архаг өвчлөлийн 40,4 хувь, багтраа өвчлөлийн 38,1 хувь,  хамрын ба хамрын ангиллын бусад эмгэгийн 56 хувь нь Арвайхээр суманд бүртгэгджээ. Тус суманд амьсгалын архаг өвчлөл сард дунджаар 29, багтраа өвчлөл дөрвөөс дээш, хамрын ба хамрын ангиллын бусад эмгэг 31 тохиолдол бүртгэгддэг гэнэ.
Өвөрхангай аймгийн нийт хүн амын 27,2 хувь нь Арвайхээр хотод амьдардаг учраас иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд агаарын бохирдлыг нэн даруй бууруулах шаардлагатай байгааг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна.
Аймгийн төв Арвайхээр сум нь баруун, зүүн, хойд хэсгээрээ уулаар хүрээлэгдсэн нам дор газар байрладаг бөгөөд 9851 айл өрхийн 34399 хүн амтай юм. Нийт айл өрхийн 14,2 хувь нь орон сууцанд, 85,8 хувь нь гэр хороололд амьдарч байна. Аймгийн төвд том, бага оврын 53 уурын зуух, 3125 авто машин, 17 шатахуун түгээх газар бий.
Хотжилт үүсч хөгжихийн хэрээр хүн ам өсч, төвлөрөл нэмэгдэж үүний улмаас байгаль орчны бохирдол ихсэн амьдрах орчин, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлдэг бөгөөд энэ дагуу хүйтний улиралд Арвайхээр сумын агаар дахь тоосны агууламж хэмжээнээс 2-4 дахин их болдог байна. Энэ онд хүхэрлэг хийн болон азотын давхар ислийн дундаж концентраци өмнөх оны мөн үеэс 1,4 дахин нэмэгджээ.
Цаашид Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулж буй том оврын уурын зуухнуудыг нэгтгэх, тоог бууруулах, Дулааны станцтай болох, оршин суугчид, шилжин ирэгсдийг салхины чигийн дагуу урьдчилан төлөвлөсөн газарт буулгаж байх шаардлагатайг судалгааны дүгнэлтээр гаргасан байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ