Шатахууны үнийг 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-18 15:36:11

УИХ дахь МАН-ын бүлгээс долоо хоног бүр зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т УИХ-ын гишүүн Я.Содбаатар оролцож, бензин шатахууны үнийг бууруулах боломжийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ огцом буурсантай холбогдуулж дотоодын зах зээлийн үнийг бууруулах шаардлагыг МАН-ын бүлгээс удаа дараа Засгийн газарт тавьж ирснийг онцлов.

Я.Содбаатар гишүүн, "Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр эрх баригчид шатахуун, дизелийн онцгой, гаалийн албан татварыг нэмэх санал оруулж, баталснаар нефть бүтээгдэхүүний үнэ буурах боломж хаагдсан. Засгийн газар шатахууны онцгой албан татвараас он дуустал 61 тэрбум, ирэх онд 200 тэрбум төгрөг орж ирнэ гэж төлөвлөж, энэ мөнгөөр төсвийн алдагдлыг нөхнө хэмээн тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид төсвийн алдагдлыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас авах байдлаар нөхөх гэж буйг  МАН-ын бүлэг дэмжээгүй" гэлээ.

2014 оны 5 дугаар сард дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 112 ам.долларт хүрсэн газрын тосны үнэ тогтмол буурсаар 2015 оны нэгдүгээр сард 63 ам.доллар, өнөөдөр 42 ам.доллар болоод байна.Үүнтэй холбогдуулан манай улсад шатахууны үнийг 250-310 төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн тооцоо гарсныг Я.Содбаатар гишүүн онцлов. Хэрвээ шатахууны үнийг ингэж бууруулсан бол бүх аж ахуйн нэгж, бараа бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ буурахад нөлөөлөх төдийгүй ард иргэдийн амьдралд дэмжлэг болохуйц нөхцөл бүрдэх байсан. Гэвч эрх баригчид шатахууны онцгой албан татварыг нэмэх байдлаар асуудалд хандсаныг тэрээр шүүмжлэв. 2013 онд бензиний хилийн үнэ 1200 орчим ам.доллар байсан бол өнөөдөр 500 гаруй болж хоёр дахин буурсныг ч мөн тодотгов.

Б.Туул

Холбоотой мэдээ