Сэлэнгэ аймгийн бахархал, гайхамшгуудыг тодруулахаар хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 20:07:56

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн 9 гайхамшгийг иргэдийн санал асуулгаар тодруулж, Хурлын шийдвэрээр баталгаажуулах асуудал тусгагдсан юм.

Энэхүү ажлын хүрээнд “Сэлэнгэ судлал” ТББ-аас Сэлэнгэ аймгийн 10 бахархал, Сэлэнгэ аймгийн 9 гайхамшиг, Сэлэнгэ аймгийн түүхт 9 газар, Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт 9 газрыг тус тус иргэдийн санал асуулга, сонин, сайтын хэлэлцүүлгээр тодруулж удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд санал болгож ирүүлсэн юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 10-р сарын 28-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд Сэлэнгэ аймгийн 9 бахархал, Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт 9 газар гэсэн хоёр ангиллаар тодруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна. Энэ ажлын хүрээнд өчигдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Ахмад зөвлөхүүдийн багийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт ахмад зөвлөхүүдээс гадна “Сэлэнгэ судлал” ТББ-ын төлөөлөл, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, холбогдох мэргэжлийн хэлтэс, газрын ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр Сэлэнгэ аймгийн бахархал гэж нэрлэж болох үйл хэрэг, үнэт зүйл, алдар хүндтэй хүмүүс, Сэлэнгэ аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, Сэлэнгэ аймгийн гайхамшгууд зэргийг хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, дараагийн шатны хэлэлцүүлэгт оруулах зарчмаар аймгийнхаа бахархал, гайхамшгууд, түүхт болон үзэсгэлэнт газрууд зэргийг тодорхойлохоор тогтлоо.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ