Дуучин Рианнагийн үеэл зэвсэгт этгээдийн гарт амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-28 14:25:23
МОСКВА. /СПЛЕТНИК/. Өдгөө 29 настай, Америкийн алдарт дуучин Рианнагийн үеэл дүү Аллиен буутай этгээдийн гарт амиа алдсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Дуучин Рианна болон Аллиен нар төрөлх нутаг Барбадос аралд Зул сарын баярыг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлснээс хоёрхон цагийн дараа энэ хэрэг болжээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан дуучин Рианна инстаграм хуудастаа “Тайван нойрсдоо дүү минь. Өнгөрсөн шөнө би чамайг сүүлчийн удаа тэвэрч байсан гэдэгтээ одоо ч итгэж чадахгүй байна. Би чамайгаа үргэлж дурсаж явах болно" гэж бичээд, "Зэвсэгт хүчирхийлэлд цэг тавьцгаая!" нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлж буйгаа зарласан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, энэ сарын 26-ны шөнө Барбадосын Сент-Майкл дүүргийн гудамжаар явж байхад нь Аллиеныг нэгэн үл таних этгээд хэд хэдэн удаа буудан хөнөөгөөд, хэргийн газраас оргон зугтсан байна. Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.  

Дуучин бүсгүйн ярьснаар, тэрбээр үеэлтэйгээ тун дотно байсан гэнэ. Тэд цагийг байнга хамтдаа өнгөрүүлдэг байсан бөгөөд Аллиен үеэл эгчээрээ ихэд бахархаж, түүнийг “миний Рири” хэмээн дууддаг байжээ.
Э. Аянзаяа 



 




Холбоотой мэдээ