Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэ, Хумхаатай тэмцэх төсөл хэрэгжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-12-28 15:11:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ 2018-2020 онд Глобаль сангийн дэмжлэгтэй үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ДОХ, сүрьеэгийн төслийн Салбар хүлээн авагч байгууллагуудтай гэрээ байгууллаа.

Ирэх гурван жилд Глобаль сангаас манай улсад ДОХ, сүрьеэгийн чиглэлээр нийт 10 сая ам.долларын дэмжлэг үзүүлнэ. Энэ нь Засгийн газраас эдгээр өвчинтэй тэмцэхэд гаргаж буй санхүүжилтийг орлох бус Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дутагдаж байгаа хөрөнгийн нөхөх зорилготой. Мөн Глобаль сангийн үндсэн зарчмын нэг нь ДОХ, сүрьеэтэй тэмцэх үйлсэд төр засгаас гадна иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бусад салбарын оролцоог хангах явдал юм.  
Шинээр хэрэгжих сүрьеэгийн төсөл нь үндэсний хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлэлтийг дэмжих, оношилгооны шинэ дэвшилтэт технологийг алслагдсан орон нутагт нэвтрүүлэх, түүнчлэн олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн оношилгоо эмчилгээг өргөжүүлэх зорилготой. Төслийн салбар хүлээн авагчаар ХӨСҮТ, ШШГЕГ-ын харья хорих 429-р анги, Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын Улаан загалмайн нийгэмлэг ажиллана. Эдгээр байгууллага нь төслийн ажлын төлөвлөгөөний дагуу сүрьеэгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх юм. Төслийн нийт санхүүжилт 7,2 сая ам.доллар байна.
ДОХ-ын төслийн тухайд Монгол Улс дахь ХДХВ-ын тархалтыг нийт хүн амын дунд бага түвшинд барих, эрсдэлт бүлгийн хүн амыг халдвараас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дэмжих зорилготой ажиллах юм. Нийт 3 сая ам.долларын санхүүжилттэй тус төсөл нь ХӨСҮТ, Залуус эрүүл мэнд, Төгс бүсгүйчүүд, Хүүхэд өсвөр үеийг ивээх төв, Шинэ өөдрөг амьдрал, Гал голомт үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага гэсэн салбар хүлээн авагчаар дамжуулан хэрэгжих аж. 
Холбоотой мэдээ