Шатахууны борлуулалтадаа хязгаарлалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-30 13:48:20
Улаанбааар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас өчигдөр буюу энэ сарын 29-нд шуурхай ажлын хэсэг гарган шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Тус байгууллагын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д иргэдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн дагуу ийнхүү ажлын хэсэн гаргажээ. Хяналт шалгалтын явцад “Магнай трэйд”, “Сод Монгол”, “Тэс пэтролиум” компанийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа хязгаарлалт хийсэн нь илэрчээ.

Тухайлбал, “Тэс пэтролиум” компанийн Нарны гүүр, Баянбүрдийн тойрогт байрлах зэрэг зургаан ШТС-д А-92 автобензинийг нэг хэрэглэгчдэд 30 мянган төгрөгөөс илүү борлуулахгүй байх хязгаарлалт хийжээ. Мөн  “Сод Монгол групп” компани дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар борлуулж байсан бөгөөд хамгийн ихдээ 100 мянган төгрөгийн борлуулалт хийх хязгаалалт тогтоосон бол “Магнай трейд” АИ-92 шатахууныг худалдаалахгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын газраас гаргасан мэдээллээр улсын хэмжээнд шатахууны 38 хоногийн нөөцтэй байгаа юм. Нарийвчлан тооцвол Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Энэ нь шатахууны нөөцийн хувьд хэвийн хэмжээ тул дээрх гурван байгууллагын хязгаарлалт тогтоосон шалтгаан, нөхцлийг тодруулахаар нарийвчлан шалгаж эхэлжээ.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ