МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-31 10:53:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын гишүүддээ болон нийт ард иргэддээ хандаж шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.

Тэрбээр, "Монгол орныхоо өнцөг булан бүрт чин шударгаар хөдөлмөрлөн амьдарч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, намынхаа ариун гэгээн үйл хэргийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэж амжилт бүтээл гаргаж буй Та бүхэндээ Монгол Ардын Намын Бага хурал, Намын Удирдах Зөвлөлийн нэрийн өмнөөс           болон хувиасаа 2018 оноо угтан авах шинэ жилийн ёслолын халуун мэнд дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Улиран одож буй 2017 он манай намын хувьд амжилт ололт, бодол эрэлхийлэл , сургамж сэхээрэл, улс төрийн томоохон үйл явдлуудаар дүүрэн цаг жил байлаа.

Намын маань XXVIII Их хурал амжилттай болж улс орон, намынхаа бүхий л амьдралд дүн шинжилгээ хийж, цаашдын зорилтуудаа тодорхойллоо. Шинэ цаг үед, Засгийн газраа тогтвортой ажиллуулж, намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлж, ард түмнийхээ итгэл найдварыг бэхжүүлэх нь гишүүд Та бидний чухал зорилт болж байна. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлөөс 2018 оныг намын анхан шатны байгууллагыг идэвхжүүлэх жил болгон зарлаж байгааг энд цохон тэмдэглэхэд таатай байна.

Намын гишүүн бүр, намын бүх шатны сонгуулиудад идэвхитэй, шинэ санаачлагатай, мэдрэмж сайтай, зорилго чиглэл тодорхойгоор ажиллаж баймааж Та бид энэ зорилтоо биелүүлж чадах болно. Та бүхний маань ажил үйлс өөдрөг, эв нэгдэл бат, намын  маань зорьсон хэрэг үеийн үед бүтэмжтэй байх болтугай. Дараа дараагийн амжилтаар намынхаа 100 жилийн ойд бэлэг барьцгаая" гэжээ.

 

 

Холбоотой мэдээ