Хоёр дахь ирвэсээ барьж хүзүүвч зүүжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 09:39:02

Увс аймгийн Сагил сумын нутаг Цагаан шувуут уулын дархан цаазат газарт өнгөрсөн сарын 26-аас энэ сарын 16-ны хооронд Монголын болон ОХУ-ын байгаль орчны чиглэлийн эрдэмтдээр ахлуулсан судалгааны баг хоёрдахь ирвэсээ барьж хүзүүвч зүүжээ.

Ирвэсэнд хүзүүвч зүүснээр түүний байршил, хөдөлгөөнийг судлах, хяналт тавих, мэдээлэл авах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах боломжтой аж. Энэ үеэр хоёр орны эрдэмтэн, докторууд ирвэсийн цуснаас дээж авч бүх төрлийн хэмжилт хийсэн байна. Уг ирвэс нь 39 кг жинтэй, эр ирвэс байжээ. Судалгааны багийнхан түүнд “Оргил” хэмээх нэр хайрласан байна. Хоёр улсын эрдэмтдийн баг хамтарч ажиллан ирвэсэнд хүзүүвч зүүж байгаа тохиолдол 2 дахь удаагийнх аж.

Ирвэсэнд хүзүүвч зүүх судалгааны багийн бүрэлдэхүүнд Монгол талаас Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, биологич, амьтан судлаач Н.Лхамсүрэн, Цагаан шувуутын ДЦГ-ын байгаль хамгаалагч О.Цэрэнжав, ШУА-ийн биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, “Монголын Ирвэс” төвийн захирал доктор, профессор Б.Мөнхцог ажиллажээ.

Харин хойд хөршөөс Тува улсын Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргааны Эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч дарга Куксин Александр, ОХУ-ын Москвагийн А.Н. Северцовын нэрэмжит Экологи-эволюцийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Поярков Андрей Димитриевич, Ахлах ажилтан Александров Дмитрий Юрьевич, доктор Хосе Антанно Эрнамдее-Бланко нар оролцсон байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ