Маргаашнаас цэргийн үүрэгтнүүдийг бүртгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн хэмжээнд 2018 оны нэгдүгээр сарын 4-20-ны хооронд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Бүртгэлийн ажлыг хороодын Засаг даргын Тамгын газарт ажлын өдрүүдэд 8.30-19.00, амралтын өдрүүдэд 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах юм. Цэргийн албаны тухай хуульд зааснаар цэргийн үүрэгтний үнэмлэхтэй цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх ёстой юм. Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ. Харин Цэргийн албаны тухай хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн, цэргийн жинхэнэ алба хааж байгаа, ял эдэлж байгаа иргэн хамрагдахгүй гэж заасан байдаг. Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах, цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх, өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх зэрэг үүргийг хүлээнэ гэдгийг дүүргийн цэргийн штабаас зөвлөж байна.
Ж.Батсайхан