Харааны бэрхшээлтэй иргэдийн дунд уншлагын уралдаан зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-03 16:50:50
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Харааны бэрхшээлтэй иргэдийн ном унших, идэвх санаачлага, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Брайль–Марафон ном уншлагын уралдааныг МУСГЗ, Чингис хаан одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нэрэмжит аймгийн Нийтийн номын сан, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

“Энэхүү уралдаан нь анх удаа болж байгаа бөгөөд брайль номыг зохиогч Луи Брайлийн төрсөн өдөрт зориулан хийгдэж байгаагаараа онцлог. Манай номын сан 100 орчим брайль номтой, харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сонсдог CD хангалттай байгаа. Уралдаанаас гадна манайх ЕБС-ийн сурагчдын дунд “Луи Брайлийг танин мэдэхүй”  сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг мөн зарласан” хэмээн номын санч В.Энхтуяа хэллээ.

Уралдаанд аймгийн харааны бэрхшээлтэй иргэд сайн дураараа оролцоно.
Оролцогч бүр нүдний хаалт зүүх бөгөөд уншигч бүрийн дэргэд хяналтын комисс ажиллах аж.

Уралдаан нэгдүгээр сарын 05-ны өдөр аймгийн Нийтийн номын санд болно.
Т.Одончимэг 
Холбоотой мэдээ