Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийг иргэд идэвхтэй өгч, үүргээ биелүүлдэг болсныг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэгдэн батлагдаад жилийн хугацаа өнгөрсөн байна.
Энэ хугацаанд нийслэлд үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийн талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд нийслэл хотын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн нийт 757 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 81 хэргээр буюу 9.6 хувиар буурчээ.
Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт улсын хэмжээнд 198 эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны 130 буюу 65,6 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Нийслэлд 2017 онд хүүхдээс 555 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 44 хэргээр буюу 7,3 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн нийт гэмт хэргийн 55,9 хувь нь нийслэл хотод үйлдэгджээ. Нийслэлд хүүхэд хохирсон 1115 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 288 нэгжээр буюу 34,0 хувиар өссөн гэж мэдээлэв.
Мөн Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364151 захиргааны зөрчлийн 0,6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчлийн статистик тоог ч үзүүлэв. Эндээс үзэхэд, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил 2028 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1353 нэгжээр буюу гурав дахин өссөн байна. “Захиргааны хариуцлагын тухай хууль”-д зааснаар зөрчил гаргасан 449 хүнд 8409,0 төгрөгөөр торгох арга хэмжээ авч, “Зөрчлийн тухай хууль” зөрчсөн 1579 хүнд баривчлах шийтгэлийг ногдуулсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 9,6 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2,2 дахин, зөрчил гурав дахин нэмэгджээ. Сүүлийн үед цагдаагийн байгуулагад дуудлага, мэдээлэл, зөрчил өссөн нь гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг иргэд утсаараа шуурхай дамжуулдаг болж иргэний үүргээ биелүүлэх нь ч нэмэгдсэнтэй холбоо гэж цагдаагийн ажилтнууд ярилаа. Цагдаагийн байгууллага ч дээрх дуудлага, мэдээллүүдийг газар дээр нь шуурхай шалгаж, хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулж байна гэж Нийсллэийн цагдаагийн албаныхан мэдээллээ.
Ж.Батсайхан