Зөвшөөрөлгүй автомашины худалдаа эрхлэгчдийг шалган газрыг нь чөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-12 14:53:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, түгжрэлийг бууруулах, хөрсний болон агаарын бохирдлын хэмжээг багасгах зорилгоор хотын төвд байрлах ил задгай авто худалдаа эрхлэгчдийг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх ажил хийж байна. Төмөр замын ойролцоох авто эрхлэгчийн газрыг цагдаагийн хүчээр чөлөөлсөн. Нийслэлийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар хамтран төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохих зөвшөөрөлгүйгээр ил задгай автомашины худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн судалгааг гарган үйл ажиллагаагаа зогсоох, газраа чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлэж, шаардлага биелүүлсэн эсэхэд шалгалт хийлээ.

Шалгалтаар эзэмшил, өмчлөлд олгогдсон газрын зориулалтыг зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж ил задгай автомашины худалдаа эрхэлж байсан нийт 40 иргэн, аж ахуйн нэгж байгааг илрүүллээ. Энэхүү 40 иргэн, хуулийн этгээдийн 22 өмчлөх, 16 эзэмших ашиглах эрхийн гэрчилгээтэй, 2 иргэн, хуулийн этгээд газар ашиглах зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Эдгээрээс Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр газар ашиглаж байсан “Даяар хас” ХХК-ний автомашины худалдааны үйл ажиллагааг зогсоож, газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авсан бол хэд хэдэн иргэн аж ахуйн нэгжүүд мэдэгдлийн дагуу өөрсдөө газраа чөлөөлж эхлээд байна. Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн П.Энхтүвшинбэлэг, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Ганбаяр болон Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал плаза” ХХК Нийслэлийн Газрын албанаас хүргүүлсэн шаардлагын дагуу сайн дураар зөрчлөө арилгаж, автомашины худалдааны үйл ажиллагаагаа тус тус зогсоосон байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ