"Эрдэнэс Таван толгой" ХК-ийн 203 ажилчдын талаар мэдээлэл сонсов

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2015-11-19 17:30:15

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Эрдэнэс таван Толгой” ХК болон “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн гэрээт олборлогч “TTJVCk” компанид уурхайн олборлолтын хэсэгт ажилладаг 203 ажилтны талаар үүсээд буй асуудлаар хоёр талын байр суурийг сонсов.

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ажилчдын байнгын орон тоог алдаж ажилгүй болох нөхцөл байдал үүсч байгаа тул арга хэмжээ авч өгөх тухай хүсэлтийг 203 ажилчдыг төлөөлж УИХ-ын дарга болон Өргөдлийн байнгын хороонд хандаж энэ сарын 9-ний өдөр ирүүлсэн байна. Энэ дагуу холбогдох албан тушаалтнуудаас өнөөдөр тодруулга авав. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагаас дээрх 203 ажилчидтай холбогдуулан гаргасан тушаал шийдвэрийн талаар лавлаж, цаашид авах арга хэмжээний талаар асуув. Үүнд тус компанийн төлөөлөгч, ““Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ хуралдаад компанийн уурхайн бүтэц орон тоог шинэчлэн баталсан.  Энэ тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа бөгөөд хуулийн дагуу зарим орон тоог цомхотгосон. Гэхдээ өнөөдрийн байдлаар ажилчиддаа ямар ч мэдэгдэл, шахалт үзүүлээгүй, халагдах тушаал ч гаргаагүй байгаа. Ямар ч ажилчин ажиллах компаниа сонгох бүрэн эрхтэй. Тиймээс “TTJVCO” оператор компанитай манайх гэрээ байгуулан ажиллаж байсан ч дээрх 203 ажилтныг шилжүүлсэн зүйл байхгүй. Харин тус компани ажилчдад санал тавих эрхтэй. Мөн 203 ажилтан сул зогсолтын мөнгөнд цалингийн 60 хувиа авч байгаа” гэлээ.

Харин Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, 203 ажилтныг ажлын байранд нь хэвээр байлгаж болох ч ганцхан орон тоо, цалин байхгүй гэх асуудал байна уу гэдгийг тодотгон асуув. Мөн ажлын байрыг хадгалах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа нь үнэн бол Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаа явуулж буй “TTJVCO” оператор компаниас ажил гүйцэтгүүлсэн хөлсийг тухай бүр “Эрдэнэс Таван толгой” ХК-ний дансаар шилжүүлэн авч эдгээр ажилчдын байнгын ажлын байрыг хадгалан үлдэх талаар хамтын гэрээ байгуулах асуудлыг судлан үзэж ажиллахыг талуудад зөвлөсөн юм. Түүнчлэн өнөөдрийн хуралд ирсэн хүмүүс мэдээлэл хангалтгүй өгч байгаа учир дараагийн хуралд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ын дарга, удирдлагуудаа ирж оролцуулах хэрэгтэйг даалгав.

Н.Туяа

 

 

 

Холбоотой мэдээ