Эх оронч найрагчдын нэрэмжит наадам 10 саяын шагналын сантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-15 17:13:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч, нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн өндөр шагналтай яруу найргийн наадмыг энэ жилээс эхлэн зохион байгуулахаар боллоо.
Анхны энэ наадмаа Төрийн шагналт эх оронч яруу найрагч Зундуйн Дорж, Очирбатын Дашбалбар нарын нэрэмжит болгон энэ сарын 26-нд шилдгийг тодруулан шагнах юм. Монгол Улсын төрийн соёрхолт Сүхбаатарын одонт, СГЗ зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Зундуйн Дорж, Монгол Улсын Төрийн шагналт, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны нэрэмжит болохоос гадна яруу найргийн наадмын тэргүүн байрын шагнал 10 сая төгрөг, хоёрдугаар байр 5 сая төгрөг, гуравдугаар байр ном хэвлүүлэх эрхтэй болно. 

Өндөр шагналын сантай энэхүү яруу найргийн наадмын эхний үе шатанд  Их дагина Дондогдуламын үйл хэрэг,  эрдэм чадал, хатнаар  нэрлэсэн анагаах увидас нь олны дунд түгэн гайхагдсан Дондогдулам рашааны тухай зэрэг сэдвийн хүрээнд naadam@sodmongolgroup.com имэйл хаягаар энэ сарын 19-ний өдрийн дотор бүтээлээ илгээх юм байна. Нэгдүгээр шатанд ирсэн шүлэг, яруу найргийг мэргэжлийн шүүгчид шүүж шалгарсан бүтээлийн эзэд дараагийн  шатанд эх оронч сэдвээр өрсөлдөнө. Оюуны бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиолч уран бүтээлчдийг дэмжих, Монголын яруу найрагч, зохиолчдын бүтээлийг гадаад хэлээр орчуулан олон улсад гаргах зорилгыг агуулсан гэж  яруу найргийн наадмыг зохион байгуулагчид онцолж байна. Яруу найргийн наадмын талаар 99096867, 99104180 утсаар лавлаж болно. 
 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ