Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-18 18:20:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын нэгдсэн чуулганаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Иргэдийн банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах даатгалд суурилсан тогтолцоог бүрдүүлэх, банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг анх 2013 онд баталсан байна. Тэгвэл энэ удаад хадгаламжийн даатгалын корпорацийн засаглал, сангийн эх үүсвэр, зарцуулалт, даатгалын хамрах хүрээ, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох харилцааг боловсронгуй болгох зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм байна.

Банкны тухай хуулийн шинэчлэлтэй уялдуулан банк, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний үед банкийг шилжүүлэх үед санхүүгийн дэмжлэг үзүүлж болох талаар, Хадгаламжийн даатгалын корпорациас банкинд хэрэгжүүлэх хяналт шалгалт, эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох, даатгалын тохиолдлын үед хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрхийг баталгаажуулж, нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхойлж тусгасан аж.

Хуулийн төсөл батлагдсанаар, Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны бие даасан байдал нэмэгдэж хадгаламжийн даатгалын олон улсын зарчимд нийцэх, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалснаар иргэдийн банканд итгэх итгэл бэхжих, банк санхүүгийн салбарын тогтвортой байдал хангагдахад дэмжлэг үзүүлэх, улмаар улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах буюу банкны хүндрэлээс үүдсэн хохирлыг даатгалын хураамжаас бүрдсэн хадгаламжийн даатгалын сан хариуцах тогтолцоо төлөвшиж, ОУВС-тай тохиролцсон хөтөлбөр, бодлогын нөхцөл биелэгдэх чухал ач холбогдолтой гэж үзэж буй юм.

Эдийн засгийн байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд хэлэлцүүлгийн явцад Хадгаламжийн даатгалын корпорацийн эдийн засаг, санхүүгийн системд үзүүлэх ач холбогдлыг нэмэгдүүлэх, тус корпорациар дамжуулан мөнгө угаах асуудлуудыг хянах боломжийг судлах, банкууд эрсдлээ үүрэн энэ төрлийн корпораци байгуулдаг олон улсын жишгийг судлах зэрэг саналыг гишүүд гаргажээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж зарим зүйлийг тодруулсан бөгөөд Д.Оюунхорол, Б.Баттөмөр нарын гишүүд дэмжиж, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, С.Жавхлан нарын гишүүд дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Н.Туяа
Холбоотой мэдээ