Польшийн нисэх онгоц яаралтай газардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-20 11:17:29

ТЕГЕРАН. /IRNA/. Египет рүү нисэж явсан, Польшийн 160 зорчигчтой нисэх онгоцонд тэсрэх төхөөрөг дэлбэлэх сүрдүүлгийн тухай мэдээлэл ирснээр Болгарын “Bourgas” нисэх буудалд өглөөний 5 цаг 45 минутад яаралтай газардсан байна.

Одоогийн байдлаар нисэх онгоцноос тэсрэх төхөөрөг олдоогүй байна гэж Польшийн Дотоод хэргийн сайдын мэдэгдсэнийг Болгарын “BETA” агентлаг уламжиллаа. Польшийн зорчигч тээврийн нисэх онгоц нь Варшаваас Хургада руу захиалгат нислэг үйлдэж байжээ.

Польшийн 67 настай зорчигч түгшүүр зарлахад хүргэсэн бөгөөд тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ байцаалтын үеэр хүлээн зөвшөөрсөн тухай цагдаа нар мэдээлжээ. “Bourgas” нисэх буудлыг хааж, зорчигчид нисэх буудлын байранд байна.

Францын Парис, Ливаны Бэйрут хотод болсон террорист халдлагаас улбаалан олон улсыг айдас нөмрөөд байгаа. 11 дүгээр сарын 13-ны Парисын халдлагын үеэр 129 хүн амь үрэгдэж, 325 хүн шархадсан юм. “Лалын улс” террорист бүлэглэл уг халдлагын хариуцлагыг хүлээж, Сирид Францын өгсөн агаарын цохилтын хариуг өгсөн гэж мэдэгдсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ