Энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12,2 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ долоо хоног нэгдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1174 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн мэдээ байна. Зам тээврийн ослын 909 дуудлага бүртгэгдсэнээс нийт 35 иргэн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэний 12 нь бага насны хүүхэд байна.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн 15,000 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлан сануулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүний амь нас хохирч, зургаан хүн гэмтжээ. Төв, Сэлэнгэ аймагт хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсныг бид өмнө мэдээлсэн. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 16 осол, машин мөргөлдсөн 31, үл хөдлөх зүйл мөргөсөн буюу онхолдсон 4 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна. Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 12,2 хувиар, гэмтсэн хүний тоо 25,7 хувиар тус тус буурсан ч гэлээ хүүхэд өртсөн зам тээврийн осол 75 хувиар өсчээ. Ослын дийлэнх нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртсөн байна. Мөн урьд нь эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгслийг нөхөн илрүүлж, эзэнгүй хоёр осол, хэргийг илрүүллээ гэж ЗЦА-аас мэдээллээ.
Ж.Батсайхан