Кызыл хотод “Увс аймгийн өдрүүд” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-23 16:21:07
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 18-20-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсад ажлын айлчлал хийгээд иржээ. Уулзалтаар хилийн боомтын асуудал болон зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, боловсролын салбарт хоёр тал хэрхэн хамтарч ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Энэ хүрээнд ирэх тавдугаар сард Тува улсын нийслэл Кызыл хотод “Увс аймгийн өдрүүд” арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна.
Энэ үеэр Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-Оол нь Монголын төлөөлөгчдийг эрчим хүчний асуудлаар Засгийн газрын түвшинд ярилцаж тохиролцохыг санал болгожээ. Айлчлалын үеэр Увс аймгийн төлөөлөгчид ОХУ-ын Тува улсын Кызыл районд байрлах «Енисейская» шувууны аж ахуйтай танилцсан байна. Тус аж ахуй нь Тува улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна хамгийн ойр байгаа Увс аймагт экологийн цэвэр бүтээгдэхүүн болох өндөг, тахианы мах нийлүүлэх боломжтой гэжээ. Мөн удахгүй Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдах “Цагаан сар-2018” үзэсгэлэн худалдаанд Тувагийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгж, иргэдийг оролцуулах урилгыг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүргүүлсэн байна. Кызыл-Улаангом-Улаанбаатар чиглэлийн нислэгийг нээх асуудлаар Монголын талаас сонирхож буй авиакомпаниуд Кызыл хотноо ирж уулзалт хийсэн талаар Тувагийн төрийн тэргүүн танилцуулсан бөгөөд Увс аймгийн нисэх буудлыг энэ талаар санаачлагатай ажиллаж шаардагдах баримт бичиг, нислэг нээх хүсэлт, шаардлагын талаар албан бичгээр мэдээлэл ирүүлэхийг хүсчээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ