Говь-Алтайн есөн гайхамшиг-Ээж хайрхан уул

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 14:49:45

Говь-Алтай аймагт байгаль эхийн өвөрмөц бүрдэл, түүх соёлын үнэт ховор дурсгалууд, ихэс дээдсийн улбаа нүүдэлчин ахуй соёл, ёс заншил нь бидний үнэт өв бөгөөд Цаст богд Сутай хайрхан уул, Хасагт хайрхан, Бурхан буудай, Ээж хайрхан уул,  үзэсгэлэнт Эрээн нуур, дэлхийд ганцхан бөхөнгийн байршил нутаг Шаргын говь,  мазаалай, хавтгай, тахийн  өлгий нутаг Говийн их дархан цаазат газар, байгалийн бүс бүслүүрүүдийг нэгэн зэрэг цогцлоосон Монгол Алтайн их уулс Хантайшир, Хар азаргын нуруу зэрэг байгаль, түүх соёл, өв уламжлалын давтагдашгүй онцлогтой газар нутгууд олон бий. Тус аймаг нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буур бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундад шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн байгалийн үзэсгэлэнт газар, нэн ховор амьтан, хүний гараар бүтээсэн гайхамшиг, музейн хосгүй үзмэрүүдийг “Говь-Алтай аймгийн есөн гайхамшиг”-аар баталсан юм. Эдгээр 9 гайхамшгийг цувралаар танилцуулж байна. 

Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газар 

"Ээж Хайрхан уул" нь манай орны баруун өмнөд хязгаарт орших өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газрын нэг бөгөөд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт оршино. Алтайн өвөр говийн хязгаар дахь үзэсгэлэнт уул нуруудын дотор өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө “Ээж Хайрхан уул” тод ялгардаг билээ. Байгалийн дурсгал болохоос гадна түүхийн дурсгал болсон Ээж Хайрхан уулыг 1992 онд УБХ-ын 11-р тогтоолоор тусгай хамгаалалтанд авч улмаар  Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газар болгон улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулсан байна. Ээж хайрхан ууланд гадаад дотоодын аялагчдыг татах байгалийн өвөрмөц тогтоц  ховор сонин үзмэрүүд олон бий. Тухайлбал: Чулуулгийн судал даган тогтсон 9 тогоон хонхортой,  9 тогооны эхэндээ бяцхан баян бүрдтэй бөгөөд энэ баян бүрдийг нутгийн хөгшид даяанч ламын зуслан гэлцэн ам дамжин домог болгон яригдаж байдаг билээ. Эдгээрээс гадна  ембүү, мэлхий, эхийн хэвлий, тагтаа, хүүхэн хэл, театрын суудал, түшмэдийн суудал, боов хад зэрэг сонин тогтоц бүхий хаднууд бий. Ембүү хаданд мөргөн залибарсан хүн 9 үеэрээ эд мөнгөөр элбэг, дэлбэг явна гэж, эхийн хэвлий хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй адил болно гэж сүсэглэдэг, Тагтаа хаданд үр хүүхэд тогтдоггүй айл ирж сүсэглэн үр хүүхэдтэй болсон жишээ олон бий.      

Ш.Цоодол

Холбоотой мэдээ