The Guardian:Курдуудын эсрэг Туркийн цэргийн ажиллагаа нь АНУ-ын төлөвлөгөөг нураана

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2018-01-24 14:12:15
Өнгөрсөн ням гарагт Туркийн арми Сирийн хойд нутагт байгаа курдуудын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Энэ талаар Их Британийн “Гардиан” сонины улс төрийн тоймч Патрик Уинтур (Patrick Wintour)-ын бичсэн дүгнэлтийг орчуулан хүргэе.  
 
АНУ, Их Британи болон Франц улс Сирийн хойд нутагт цөмрөн орсон Туркийг шүүмжилсэн боловч цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоо гэсэн шаардлагыг НАТО-гийн түншдээ тавьсангүй.
 
Дээрх улсуудын ийм даруухан байр суурь нь Африн мужаас Сирийн курдуудыг хөөн гаргах ажиллагаагаа үргэлжлүүлж болно гэж  Анкарагийн эрх баригчдад хэлсэнтэй ижил сонсогдож байгаа юм.
 
Сирийн хямрал дуусах төгсгөлийн шатандаа ороод байгаа энэ үед Барууны орнууд Туркийн дипломат дэмжлэгийг алдахыг хүсэхгүй байгаад л асуудлын гол учир оршино. Учир нь, Оросын санал болгож буй нөхцлөөр энхийн зохицуулалт хийх үйл явцад Турк улс тэнцвэржүүлэгч хүч болж байгаа билээ.
 
Гэтэл тус улс хил дээрээ Сирийн курдуудын эсрэг ажиллагаанд хэт анхаарлаа төвлөрүүлж байгаа нь эцэстээ Туркийн Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганыг Дамаск, Москва хоёртой хэлэлцээр байгуулахад хүргэж болзошгүй юм.
 
Энэ нь АНУ-ын төлөвлөгөөг бүтэлгүйтэлд хүргэх болно. Учир нь гэвэл, долоо хоногийн өмнө тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон “Б.Асадыг огцруулж, Ираны отрядуудыг гаргахад чиглэсэн улс төрийн хэлэлцээрийг Сирид байгуулах хэрэгтэй” гэдэгт Д.Трампын засаг захиргааг итгүүлэн үнэмшүүлж чадсан юм.  
 
Р.Тиллерсоны хэлсэн үг нь нэг ёсондоо “өөрчлөлт эргэлтийн мөч” байсан боловч Европт түүнийг нь төдийлөн өндрөөр үнэлсэнгүй. Трампын өмнөх бодлого нь Сири дэх “Лалын улс” бүлэглэлийг устгах, Сирийг сэргээн босгох асуудлаар дахин хэлэлцээ хийж эхлэхэд чиглэж байлаа. Тиллерсоны хэлсэн үгэнд хэтэрхий чанга шаардлагууд олон байсныг хүн бүр л шүүмжилж байна. Үүний сацуу Москваг Б.Асадаас хөндийрүүлж, нүүр буруулуулахын тулд АНУ болон Барууны орнууд чухам яах ёстой вэ гэдэг талаар тодорхой дурдсан зүйл дэндүү цөөхөн  байв.
 
Барууны дипломатчдын үзэж байгаагаар, тэдэнд зарим нэгэн “гох дэгээ” байгаа аж. Тухайлбал, Европын Холбоо, АНУ хоёр Сирийг сэргээн босгоход мөнгө гаргахаас татгалзах, Америкийн 2 мянган цэргийг Сирийн нутагт тодорхойгүй хугацаагаар үлдээх, Сирийн хойд нутагт хилийн цэргийн хүч байгуулахад нь курдуудад туслах гэх мэт. Түүнээс гадна, Оросын тавьж буй нөхцлөөр Асадыг албан тушаалд нь хэвээр үлдээх байдлаар энх тайвныг тогтоох нь ёс суртахуунгүй хэрэг төдийгүй тогтворгүй байх болно гэж Британийн сайдууд байнга л сануулан хэлж байгаа юм.     

Хэрвээ Барууны орнууд Туркийн дэмжлэгийг алдах л юм бол дээрх бүх хөшүүргийн арга хэрэгслүүдийн үр нөлөө багасах болно. Учир нь, Турк улс 7 жилийн иргэний дайны явцад Сирийн сөрөг хүчнийг бүр анхнаас нь дэмжиж ирсэн билээ.
 
Хэрвээ Турк улс Москвагийн талд орох аваас Орос улс Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр улам шаргуу зүтгэх болно. Тухайлбал, энэ сарын 2-30-нд Сочид болох Сирийн үндэсний яриа хэлэлцээний Конгрессын /их хурал/ үеэр уг төлөвлөгөөгөө урагш нь ахиулж магадгүй юм. Конгрессыг зохион байгуулахад Турк, Иран хоёр оролцож байгаа билээ.  
 
НҮБ-ын ивээл дор болдог энхийн хэлэлцээрүүдийн нэгэн хувилбар хэмээн В.Путин өөрийгөө товойлгохоор оролдож, ингэснээр Ойрхи Дорнодод Оросын нэр хүнд өсөх вий гэхээс Барууны орнууд айж байна. Энэ удаагийн хурал нь энхийн хэлэлцээр байгуулах арга хэрэгсэл болсноор түүний хүрээнд Б.Асад албан тушаалдаа хэвээр үлдэж, Сирийн Үндсэн хуульд өчүүхэн төдий өөрчлөлт орж магадгүй юм.  
 
Энхийн үйл ажиллагаанд НҮБ-ын тэргүүлэх үүргийг хэвээр хадгалах, хямралыг улс төрийн аргаар зохицуулахад чиглэсэн төлөвлөгөөг хэлэлцэн тохиролцох зорилгоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Стаффан де Мистура Сочигийн их хурлын өмнө болон дараа нь хоёр удаа хэлэлцээ хийх гэж байна. Эхний хэлэлцээ 25-26-нд болох гэж юм.
 
Харин Москвагийнхан Сочигийн хурлын товыг хэд хэдэн удаа өөрчилжээ. Учир нь, Сирийн “Ардчилсан холбоо” нам болон түүний зэвсэглэсэн жигүүр болох “Ард түмний өөрийгөө хамгаалах отряд”-ын төлөөлөгчдийг уг хуралд урьж оролцуулахыг Турк улс эрс эсэргүүцсэн байна. “Ард түмний өөрийгөө хамгаалах  отряд” нь Курдын Ажилчны намтай нягт холбоотой гэж туркчууд үзсээр байгаа аж.
 
Харин сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлыг ажиглаваас, Турк, Орос хоёр зөвшилцөлд хүрэхэд ойртсон бололтой. Туркийн довтолгоо эхлэхээс өмнөхөн тус улсын Батлан хамгаалах яамны түшмэлүүд Москвад очсон нь Оросын Агаарын цэргийн хүчин Туркийн анги нэгтгэлүүдийг бөмбөгдөхгүй гэсэн баталгааг олж авах зорилготой байжээ. 22-ны даваа гарагт Москва мэдэгдэхдээ “курдуудын төлөөлөгчдийг Сочид урина” гэсэн боловч чухам хэнийг урих гэж байгаагаа тодруулсангүй.   
 
Орос-Туркийн хэлэлцээний цаад санаа одоо нэгэнт тодорхой болжээ: Москвагийн дэвшүүлж буй энхийн зохицуулалтын төлөвлөгөөг Турк улс дэмжинэ, үүний хариуд Орос улс Сирийн курдуудыг номхотгох зорилготой Туркийн цэргийн ажиллагааг чимээгүйхэн зөвшөөрнө.

Курдууд Сирийн хойд хэсэгт газар нутаг эзлэн авах үед дуугүйхэн тэвчиж байсан гэж АНУ хэлж магадгүй. Учир нь, Сирийн Ардчилсан хүчний бүрэлдэхүүн дэх Курдын анги нэгтгэлүүд “Лалын улс”-ыг бутниргэхэд хэрэгтэй байсан юм. Одоо энэ тулалдаан нэгэнт ялалтаар дууссан болохоор курдуудыг Турктэй харилцаагаа муутгахаас сэргийлэх нь АНУ-ын хувьд гол зорилго болов.
 
Хэрвээ үүний төлөөнөө Туркийн цэргүүд Сирийн хойд нутагт байхтай түр зуур эвлэрэхээс аргагүйд хүрч байгаа бол тэгж л байхаас даа.

Б.Адъяахүү
 
Эх сурвалж: https://www.theguardian.com/world/2018/jan/23/turkey-preoccupation-syrian-kurds-could-spell-disaster-for-us
Холбоотой мэдээ