“Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай” номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
dusem11@yahoo.com
2018-01-24 18:34:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Централ Тауэрын 11 давхарт орчуулагч Хорлоогийн Баатархүүгийн орчуулж, эмхэтгэсэн “Ард түмний Ерөнхий сайд Жоу Эньлай” номын нээлт боллоо.

Хятадын ард түмний хайрлан хүндэтгэдэг Ерөнхий сайд, удирдагч төдийгүй дэлхийн хэмжээний нэртэй улс төрч, нийгмийн нэрт зүтгэлтэн Жоу Эньлай бол 1949-1976 оны хооронд нийтдээ 27 жил Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдаар ажилласан. БНХАУ-ын анхны Ерөнхий сайд, анхны Гадаад харилцааны сайдын алба хашиж байв. Энэ үеэр тус номыг орчуулан эмхэтгэгч Х.Баатархүүтэй уулзаж ярилцлаа.

-Жоу Эньлайг Монголын ард түмэн ялангуяа 1950-1970-аад оныхон андахгүй сайн мэддэг. Харин өнөө үеийнхэн энэ хүний тухай тийм ч сайн мэдэхгүй. Энэ хүний талаар товч сонирхуулна уу?
  
-1955-1964 онд Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд жинтэй хувь нэмэр оруулсан гэдгийг тухайн үеийн монголчууд мэднэ. Одоо хүртэл ашиглаж байгаа Энхтайвны гүүр, Яармаг, Баянзүрхийн гүүр, 120, 220, 40, 50 мянгатын орон сууц, Гурван аймгийн цахилгаан станц, Улсын Их дэлгүүр, Улаанбаатар зочид буудал, Их тэнгэр харш, Хүүхдийн урлан бүтээх төв, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг томоохон барилга байгууламжийг энэ хүнийг Ерөнхий сайд байхад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 10 орчим мянган хятад ажилчдын хүчээр 7-8 жилийн хугацаанд энэ их бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. Энэ номонд эдгээр мэдээллийг өнөөгийн монгол уншигчдад таниулахаар түүхэн баримт зургийн хамт оруулсан. 1950-иад оны дэлхийн олон улсын харилцааны түвшинд гарсан хүчний тэнцвэрийг барихад БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлайгийн оруулсан хувь нэмэр маш их л дээ. НҮБ энэ хүнийг 1976 оны
1 дүгээр сарын 8-нд таалал төгсөхөд нь түүхэндээ ганц удаа тугаа бөхийлгөсөн байдаг.

-Энэ ном хэдэн бүлэг хэсгээс бүрдэж байгаа вэ, гол  эх сурвалжуудыг хаанаас олж авсан бол?
 
-Ном маань 310 орчим хуудас, нийт 330 гаруй зурагтай, 5 бүлэг, 18 дэд бүлгээс бүрдсэн. Номын эх сурвалжийг хятад, орос, монгол номноос сонирхолтой хэсгийг нь түүвэрлэн эмхэтгэсэн.

-Энэ бүтээл өөрийн тань хэд дэх орчуулгын бүтээл вэ, Та хятад хэлийг хаана сурсан бэ, өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Энэ ном миний анхны том бүтээл. Би Өмнөговь аймгийн уугуул, БНХАУ-д Санхүү, эдийн засгийн их сургуульд эдийн засгийн мэргэжлээр сурсан. Бээжин хотод очоод л анх удаа хятад хэл сурсан даа. Тэнд хэлний бэлтгэлд нэг жил суралцаж улмаар 4 жил бакалаврын мэргэжил эзэмшсэн. Одоо эдийн засгийн мэргэжлээрээ хувийн бизнес эрхэлж байна.

Д.Өлзий 
Холбоотой мэдээ