Улсын чанартай замаар зорчвол мөнгө төлөх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 16:55:24

Нийслэлийн авто замын газрын Шалган бүртгэх товчоо дээр Улаанбаатарын улсын дугаартай авто машинаас замын хураамж авдаггүй. Гэтэл Өвөрхангай аймгийн Онги голын постон дээр аймгийн ӨВА, ӨВР дугаартай машинаас орж, гарах бүрт мөнгө авдаг бөгөөд иргэд энэ талаар мэдээлэл олж өгөөч гэсэн хүсэлт тавьсаны дагуу бид Зам тээвэр хөгжлийн төвийн харьяа Онгийн голын төлбөр хураах цэгийн ахлагч О.Базарсадаас тодрууллаа.

-Өвөрхангай аймгийн Онги голын постон дээр аймгийн ӨВА, ӨВР дугаартай машинаас орж, гарах бүрт мөнгө авдаг бөгөөд иргэд энэ талаар мэдээлэл олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан юм л даа?

- Засгийн газрын 2011 оны 4 сарын 6-ны өдрийн 106 дугаар тогтоолоор улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах журмыг баталсан. Энэ хүрээнд Улаанбаатараас наашаа Арвайхээр хүртэлх А0301 дугаартай улсын чанартай авто зам, Арвайхээрээс Баянхонгор хүртэлх А0302 дугаартай улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны хураамж авах зорилготойгоор Онги голын Төлбөр хураах цэг байгуулагдсан юм.

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар “Улсын үзлэгээр мөнгөө тушаачихсан. Одоо мөнгө төлөхгүй” гэдэг. Улсын үзлэгээр тушаасан мөнгө бол орон нутгийн зам ашигласны төлбөр юм. Үүнд аймаг, сумын төв доторх зам, аймаг, сум хоорондын зам, сайжруулсан шороон зам, гүүр зэргийг хэлж байгаа юм. Эдгээр замаар явахад манайх мөнгө авахгүй.

Харин улсын чанартай А0301, А0302 гэсэн дугаартай замаар зорчвол постон дээр мөнгө төлөх ёстой. Улаанбаатраас гараад Өвөрхангай орох замд 500 төгрөг төлдөг. Хот хоорондын зай 430 км. Нэг ёсондоо 1 км замд 1төгрөг 16 мөнгө ноогдож байгаа гэсэн үг. Гэтэл гадуур нэг удаа 00 ороход 150 төгрөг төлдөг биз дээ.

Хүмүүс 500 төгрөгөө өгөхгүйн тулд тийм газрын дарга, энэ тэр гээд бөөн юм болно. Тогтоол дээр “хураамж авахгүй” гэсэн тусгай журам бий. Дуут дохио ажиллуулсан эмнэлгийн тэрэг, цуваагаар явж байгаа машин, Онцгой байдлын албаны машин гэсэн гурван нөхцөлд хураамж авахгүй. Бусад бүх тээврийн хэрэгсэл мөнгөө төлөх ёстой.

-Аймаг дотроосоо түр хөдөө гарах гэсэн эсвэл хөдөөнөөс орж ирж байгаа машинуудаас ч мөнгө нэхээд байдаг шүү дээ?
-Аймгаас гол орох, ойрхон сумруу явах машин тэрэг бол их хэцүү байдаг л даа. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар “Хөдөө явж байна, гол орчихоод ирье” гээд гуйдаг. Ер нь манайх 100 хувь хураамж авч чаддаггүй, 85 хувьтай л хурааж байна. Яагаад гэвэл орон нутгийн төсвийн газрын жолооч, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газрын жолооч нараас тэр бүр хураамж аваад байдаггүй. Бид нар өөрсдөө дотоод журмаа зөрчиж байгаа хэрэг л дээ.
-Нийслэлийн авто замын газар шиг улсын үзлэгийн үеэр нэг мөр хураачихаж болдоггүй юм уу? Тэгээд зөвхөн гадны дугаартай тээврийн хэрэгслээс л хураамжаа авч байвал яасан юм бэ?
-Иргэд жилдээ нэг мөр авчихаж болдоггүй юмуу гэсэн санал тавьдаг. Гэтэл бид улсын чанартай замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдээс зам ашигласны төлбөрийг авч байгаа учраас тухай бүрт нь авах ёстой байдаг. Нийслэлийн авто замын газар болохоор  Улаанбаатар хот доторх зам ашигласны төлбөрөө жилд нэг удаа улсын үзлэгээр авчихдаг, аймаг болохоор оношилгооны үеэр орон нутгийн зам ашигласны хураамжаа авчихдаг.

Харин манайх болохоор тухайн замаар явсан машин бүрээс хураамж авдаг байгаа. Ингэж төлбөр хураах нь олон улсын жишиг юм. Улсын чанартай замаар тээврийн хэрэгсэл явж, дугуй, зам хоёр харьцаж байгаа учир элэгдэл үүсч л  байгаа. Бид нар тогтоолд заасан заалтын дагуу л  хураамж авдаг.

-Авто машин бүрийн хураамж өөр үү?

-Засгийн газрын 106 дугаар тогтоолд суудлын тоо, даац зэргийг харгалзан 500, 800, 1000, 1500, 2000, 3000, 5000 төгрөгийн төлбөр авахаар заасан байдаг. Манайх суудлын авто машинаас 500 төгрөг, жижиг оврын микро, истана, портор зэрэг машинаас 800 төгрөг, маяти зэрэг ачааны машинаас 1000 төгрөг авдаг.
-Постон дээрх замын хураамжаар жилд хичнээн төгрөг ордог вэ?
-Манайх жилдээ 100 гаруй сая төгрөгийг улсын замын санд төвлөрүүлдэг. Энэ мөнгөө ихэвчлэн зам арчилт, засварын ажилд зориулдаг. Бидний хувьд бол нэг ч төгрөг зарцуулах эрх байхгүй. Жил бүр МХГ-ын Санхүүгийн хэлтсээс шалгалт ирдэг. Төвөө ч байнга хяналт шалгалт тавьдаг.  Бид сард нэг удаа нэг тайланг гаргадаг.
-Энэ жил пост засвар үйлчилгээ хийв үү?
-Зам тээврийн хөгжлийн төвөөс Онги голын Төлбөр хураах цэгийг саравчтай болгож, автомат хаалтуудыг сольсон. Хүмүүсийнхээ ажиллах, нөхцөл байдлыг сайжруулсан. 24 цагийн камертай болсон. Бид анх байгуулагдахдаа зам дээр хоёр ширхэг шон босгочихоод хаалгаа гараараа нээж, хаадаг байсан.

Жил ирэх тусам хөрөнгө, мөнгөний асуудал шийдэгдэн сайжирч байна. Манай пост олон улсын жишигт дөхөж байгаа гэж бодож байна. Орчны цэвэрлэгээг өдөр болгон хийдэг. Бүх чиглэлийн хүн тээврийн зорчигч тээврүүд өнгөрөн гардаг  болохоор тэнд зогсохдоо баахан хог хаячихдаг. Үүнийг цэвэрлэж, ойр орчмын бүрэн бүтэн байдлыг шалгаж байж ээлж солилцдог юм. Манай дээр өдөрт замын цагдаа, тээвэр зохицуулагч, төлбөр хураагч гэсэн гурван хүн ажилладаг.  

Б.Батчимэг

Холбоотой мэдээ