Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцоо нь найрсаг харилцаа, итгэлцлийг бэхжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
dogsom@montsame.mn
2018-01-30 14:42:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 онд БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр байгуулсан Монгол-Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Бээжин хотноо болж, хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хурлынпротоколын дагуу 2018 онд хийх ажлуудаа төлөвлөж, төлөвлөгөөний биелэлтийг Улаанбаатар хотноо болох дараагийн хурлаар дүгнэн, ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргах юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүүхэд залуучууд, орон нутгийн солилцоо, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээл, телевиз кино, аялал жуулчлал, хөдөлмөр, нийгмийн хамгаалал зэрэг салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх зорилготой Хамтарсан зөвлөлийн Монголын талын дарга, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Хүмүүнлэгийн солилцоог хэрэгжүүлэх нь манай хоёр орны төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Хамтарсан зөвлөлөөс гарсан саналыг хэрэгжүүлэх зөвлөлөөр хэлэлцэх нь энэ механизмыг илүү үр дүнтэй болгоно гэж бид үзэж байгаа. Хамтын ажиллагааны гол хөшүүрэг хүмүүнлэгийн салбарт хийгдэх ажлуудад тулгуурлах болно. Тухайлбал, Монголын соёлын төвийг Бээжин хотноо байгуулах асуудал олон жил яригдлаа. Үүнийг ажил хэрэг болгомоор байна. 2022 онд Бээжинд өвлийн олимп болох тул биеийн тамир, спортын салбарт хамтран ажиллах нөхцөл үүсэж байгаа. Хоёр талын харилцааны давуу талыг ашиглан аялал жуулчлал, тэр дундаа хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ч бидэнд хийх ажил их байна. Аливаа орнуудын хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэгтэй байдаг. Тиймээс энэ салбарын харилцааг ч тасралтгүй хөгжүүлэх шаардлагатай байна. 2019 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой болно. Энэ хүрээнд хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлөөс хийсэн эхний ээлжийн гол ажлуудаа Улаанбаатар хотноо дүгнэх таатай боломж бүрдэнэ гэж итгэж байна. Монголын тал хамтарсан зөвлөлийн ажлын хүрээнд хоёр орны ард түмний найрамдал, итгэлцлийг бэхжүүлэхийн төлөө Хятадын талтай нягт хамтран ажиллана хэмээн хуралдааны үеэр хэллээ.

Хамтарсан зөвлөлийн БНХАУ-ын талын дарга, Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлах үеэр хоёр тал хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцаж тохирсон. Түүнээс хойш олон ажил хийгдсэн. Энэхүү хамтарсан зөвлөл бол цаашид хоёр орны хооронд хүмүүнлэгийн солилцооны чиглэлээр хийгдэх гол ажлуудыг төлөвлөж, ажил хэрэг болгох харилцааны гүүр байна гэж харж байгаа. Анхдугаар хуралдааны хүрээнд монголын талаас тавьж буй саналуудад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга нарын хурлаар тухай тухайн жилдээ хийх гол ажлуудаа ярилцаж, төлөвлөгөө гарган ажиллах нь үр дүнтэй гэсэн юм.
Худалдаанд оролцсон БСШУСЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Гарьд, Өнгөрсөн хугацаанд хоёр орон боловсрол, соёлын чиглэлээр амжилттай хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа боловсон хүчнийг бэлтгэх, хоёр талд соёлын арга хэмжээнүүд харилцан зохион байгуулах зэрэгт тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид судалгаанд суурилласан эрэлттэй мэргэжлээр боловсон хүчин бэлтгэх, кино, драмын хамтарсан бүтээлүүд хийх, Монголын гарааны бизнес буюу старт-апп компаниудыг Хятадын компаниудтай холбох ажлуудыг хийх хүсэлтэйгээ илэрхийлэв.
 
Мөн БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Хятад-Монголын хил орчмын аялал жуулчлалыг эрчимжүүлж, талуудын БНХАУ-ын хилээр орж гарах үнэмлэх /хилийн бүсэд аялах зориулалттай/-ээр Хятад-Монголын хил орчимд аялах боломжийг бий  болгох чиглэлээр ажиллаж, хамтарсан судалгааг эхлүүлэн аяллын маршрутыг тодорхойлох, “Хятад-Монгол-Орос гурван улсын 5 газрын аялал жуулчлалын холбооны тэргүүлэгч нарын хурал”-ын механизмыг ашиглан Хятад-Монгол-Оросын “Түмэн газрын цайны зам” олон улсын аялал жуулчлалын брэндийг бий болгох ажлыг урагшлуулах зэрэг саналыг тавьсан бол ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг”-ийг хоёр талын холбогдох яамд хооронд байгуулж, энэ хүрээнд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад чиглэсэн арга хэмжээг хамтран зохион байгуулах, хоёр орны ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амралт сувиллын үйлчилгээнд хамруулах солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, амралт сувиллын үйлчилгээний туршлагыг харилцан судлах, соёл, үзэсгэлэнт газартай танилцах боломжийг олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй ажилладаг мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага судлах талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн БТСГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Н.Оюунбат, Хоёр талын биеийн тамир, спортын байгууллагууд олон улсын үйл ажиллагаанд зохицуулах байр суурьтай байхыг дэмжиж, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, “Бээжин-2022” өвлийн Олимпийн наадамд бэлтгэх зорилгоор талууд өвлийн спортын төрөлд хамтын ажиллагаа солилцоог нэмэгдүүлэн өргөжүүлэх, үндэсний шигшээ багууд, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт мэргэжилтэн солилцох, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах саналаа тавилаа. Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, БНХАУ-ын ӨМӨЗО, Улаанбаатар хоттой “Соёлын долоо хоног” арга хэмжээг үргэлжлүүлэн ээлжлэн зохион байгуулах, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиохтой холбогдуулан 2018, 2019 онд Монгол, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар, Бээжин хотуудад харилцан зохион байгуулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн танилцуулах аялал зохион байгуулах, Хөх хоттой уламжлалт анагаах ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, төсөл хэрэгжүүлэх, ЕБС-ийн багш, сурагчдын солилцоог идэвхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа уламжлав.

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд дээрх хуралдаанд оролцож, хоёр орны улс төрийн харилцаа таатай болохын хэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нээлттэй, харилцан өгөөжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгааг дурдаад уламжлалт хамтын ажиллагаатай СИНЬХУА агентлагтай байгуулсан гэрээгээ шинэчлэн байгуулах хүсэлтээ тавив. Мөн БНХАУ-ын бусад хэвлэл мэдээллийн байгууллагатай ч найрсагаар, ялангуяа Монгол Улсыг гадаадад сурталчлагч байгууллагын хувьд Монголын тухай мэдээллийг түлхүү нийлүүлэх, сэтгүүлчид болон хятад, монгол хэлний боловсон хүчнээ харилцан богино хугацаагаар солилцон ажиллуулж, хэлний мэдлэгийг нь дээшлүүлэх, техник технологийн дэвшлээс суралцах, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаатэй танилцан туршлага судлаж, цаашдын үйл ажиллагаандаа тусгах чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлээ.

Хоёр тал эхний ээлжинд 40 гаруй хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг ажил хэрэг болгохоор тохиолцсон бөгөөд үүнд,
-Хоёр улсын Засгийн газар хооронд тэтгэлэг харилцан солилцохХятад, Монголын солилцооны тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Хятадын тэргүүний залуучуудыг Монгол Улсын тэргүүний их сургуульд суралцуулж солилцоог хөгжүүлэх,
-“Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр талын соёл, хүмүүнлэгийн чиглэлээр хамтарсан форум зохион байгуулах,
-Хятад улсад хадгалагдаж буй Монголын түүх, соёлтой холбоотой түүхэн дурсгал үзмэрүүдийн үзэсгэлэнг Монгол Улсад гаргах,
-Монгол, Хятадын биет бус соёлын өвийг хамтран хамгаалах хамтын ажиллагааны механизмын хүрээнд Хятад-Монголын хамтарсан дэлхийн соёлын өвийн бүртгэлийн ажлыг урагшлуулах,
-Хоёр улсын театрууд харилцан тус тусын шилдэг урлагийн бүтээлүүдийг дэлгэн толилуулах,
-Эрүүл мэндийн салбарын өндөр түвшний харилцан айлчлалыг бэхжүүлэх,
-Уламжлалт анагаах ухааны туршлага солилцох солилцоо, хамтарсан судалгаа болон боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх,
-Монголын хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд туслах,
-БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцсон хүүхэд, залуучуудын солилцооны 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, Хятадын 50 залууг Монголд, Монголын 100 залууг Хятадад харилцан айлчлуулах зэрэг томоохон ажил тусгагджээ.

Дашрамд дурдахад, БНХАУ-ын Засгийн газар гадаад улс орнуудтай соёл, хүмүүнлэгийн харилцан солилцоог хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч улс төр, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг уялдуулан хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлсон ажээ. Тус улс одоогийн байдлаар АНУ, ОХУ, Франц, Их Британи, Герман, Өмнөд Солонгос, Европын Холбоо, Индонези зэрэг оронтой хамтын ажиллагааны ийм механизм байгуулан боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, хэвлэл мэдээлэл, радио-телевиз, аялал жуулчлал, эмэгтэйчүүд, хүүхэд-залуучууд, архивын салбар болон орон нутгийн харилцаа, солилцооны чиглэлээр ажилладаг байна.
 
Ш.Батболд
           
 
 
 
 
Холбоотой мэдээ