Улсын прокуроруудын нэгдсэн зөвлөлгөөн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-31 13:22:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн өнөөдөр УЕПГ-ын хурлын танхимд эхэллээ.  Уг зөвлөгөөнд аймаг, нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газруудын ерөнхий прокурорууд оролцож мөрдөн байцаах, ял эдлүүлэх, хэрэг бүртгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх прокурорын байгууллагын цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатаас зөвлөгөөний талаар тодруулахад "Энэ жилийн хувьд удирдах ажилтнуудын хувь хүний хөгжилд анхаарах, ажлын хариуцлага ур чадварыг дээшлүүлэх жил болгон ажиллаж байна. Прокурор хүн гэдэг ур чадвартай, шударга, хариуцлагатай байж гэмээнэ хууль шударгаар үйлчилнэ. Энэ чиглэлээр сургалт зохион байгуулах талаар ярьж байна” гэв. УЕПГ-ын тайланд дурдсанаар шүүхэд шилжсэн хэргийн тоо сүүлийн хагас жилд прокурор анхан шатны шүүхээр 4898, давж заалдах шатны шүүхээр 831, хяналтын шатны шүүхээр 188 хэргийг шийдвэрлэхэд оролцож санал дүгнэлт гаргажээ. Мөн прокурорын газрууд нь 2017 онд нийт 3335 мэдэгдэл бичсэн нь өмнөх оноос 308 буюу 10.8 хувиар өссөн байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 1649 удаа яриа таниулга хийсэн нь өмнөх оноос 37.2 хувиар өссөн байна. Мөн дээд шатны прокурорын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан прокурор ажилтны тоо өмнөх оноос 21.4 хувиар буурчээ. Өнгөрсөн онд шүүхэд шилжүүлсэн хэрэг 69.3 хувиар өссөн ч хэрэгсэхгүй болсон, хэрэг бүртгэлийн хэргийг хаасан хэрэг 31.6 хувиар буурсан эерэг дүн гарчээ. Улсын прокурорын орлогчийн  онцолсноор  2018 онд прокурор, ажилтны мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сахилга ёс зүй, ажлын хариуцлагад тавих шаардлагыг өндөржүүлэх чиглэлээр ажиллах юм байна.  Зөвлөгөөн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ