Төрийн албанд шинээр ажиллагсдыг "Авлигын эсрэг" сургалтад хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор АТГ-аас Олон нийтийн төвдөө "Авлигын эсрэг сургалт" сэдэвт цуврал сургалтууд зохион байгуулж байгаа юм. Бүтэн жилийн туршид цувралаар зохион байгуулах сургалтын эхнийхэд аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн өмчит аж ахуйн нэгж болон яам, агентлаг, нийслэл, дүүргийн дотоод хяналт, аудитын нэгжийн дарга нар оролцсон бол хоёр дахь сургалтад төрийн албанд шинээр томилогдсон албан хаагчдыг хамруулах юм.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн хэлэхдээ “УИХ-аас баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг сургалтад хамруулахаар тусгасан. Энэ сургалтыг бид удирдах албан тушаалтан, хууль, хүний нөөц, төсөв, санхүү, аудит, худалдан авах ажиллагаа хариуцсан албан хаагч, төрийн албанд шинээр томилогдсон албан хаагч зэргээр ангилан зохион байгуулж байгаа” гэв. Авлигын эсрэг сургалт нь төрийн албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж болон шинээр батлагдсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг таниулах, сурталчлахаас гадна төрийн албан хаагчдыг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах зан үйлд сургаж байгаагаараа ач холбогдолтой юм. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагчдаас гадна Удирдлагын академи, Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, зарим төрийн болон төрийн бус байгууллагын зочин багш нар уригдан хичээл зааж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй сургалтын хөтөлбөрт заагдсан шаардлагын дагуу албан хаагчдаа идэвхтэй оролцуулахыг нийт төрийн байгууллагын удирдах албан тушаалтнуудаас Авлигатай тэмцэх газар хүсч байна гэж ХОНХ албаны ажилтан , комиссар Т.Мөнхтунгалаг мэдээллээ.
Ж.Батсайхан