Малчдаас бэлэн мөнгөөр мах авч, өвс тэжээл хөнгөлөлттэй үнээр өгч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт онцгой хүндэрсэн говийн болон хойд чиглэлийн найман суманд ажиллаж өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэл өглөө. Ажлын хэсэг сумдад ажиллах үеэр аймгийн нөөцөөс хуваарилагдсан өвсийг үнэгүй, тэжээлийг 38 хувийн үнийн хөнгөлөлтэй буюу нэг уутыг нь 9000 төгрөгөөр худалдан авах боломжийг малчдад олгосон байна.
Түүнчлэн малчдын хэрэгцээтэй эм тариаг бөөний үнээр хүргэх, хаагдсан зам давааг нээх ажлыг тухай бүр шуурхай зохион байгуулжээ. Мөн үеэр аймгийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газрын ажилтнуудтай хамтран аймаг дотроо отор нүүдэл хийж яваа 400 гаруй малчдыг эргэж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Найман сумын эмийн эргэлтийн санг нэмэгдүүлжээ
Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй хоёр баг хойд болон говийн сумдад ажиллаж 84 нэр төрлийн эм тариа бөөний үнээр худалдаж 1.3 сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Энэ хугацаанд дотрын эмч 267 иргэнд, шүдний эмч 45 иргэнд, гэмтлийн эмч 22 иргэнд, нийт 340 орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлжээ. Мөн үеэр зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж найман сумын эмийн эргэлтийн санг 8,0 сая төгрөгийн 150 нэр төрлийн эмээр нэмэгдүүлжээ.
1400 гаруй малчин 210 тн тэжээл хөнгөлөлттэй үнээр худалдаж авсан байна
Завханы Тэс суман дахь “Нисэг агро” ХХК 80,0 тн, “Тэсийн шим" хоршоо 100,0 тн махыг хойд чиглэлийн сумдын малчдаас бэлэн мөнгөөр худалдаж авчээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зарласан “Импортоор тэжээл оруулж ирэх” тендерт шалгарсан “Нисэг агро”, “HSM” ХХК 396,5 тн тэжээлийг өнөөдрийн байдлаар оруулж ирсэн байна. Үүнээс Ургамал, Идэр, Сонгино, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Завханмандал, Дөрвөлжин зэрэг сумдын 1434 малчид 210 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр худалдаж авсан байна. Ажлын хэсэг сумдад ажиллах үеэрээ мөн мах нэмж худалдаж авах, өвс тэжээлээр солих малчдыг бэлэн мөнгөтэй болгох арга хэмжээг ирэх гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэхийг хичээнэ гэсэн мэдээллийг малчдад өгчээ. Мөн найман сумд 92 тн өвс үнэгүй, 275 тн тэжээлийг хөнгөлөлтэй үнээр олгосон. Эдгээр өвс тэжээлийг сум тус бүрийн хүндрэлтэй цэгт хүргэх шатахуун тээврийн зардал 35.5 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.
Малчдыг МИД малаа даатгуулахыг санал болгов
Цагаан болон цагаанаар зудархуу байгаа говийн болон хойд чиглэлийн сумдад малын хорогдол өдөр бүр нэмэгдэж байгаа учраас малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулахыг малчдад санал болгожээ.
Өнөөдрийн байдлаар малын индексжүүлсэн даатгалд сумдын мал сүргийг хамруулах талаар бүх сумдад бичиг тоот, гарын авлага хүргэсэн байгаа. Аймгийн хэмжээнд 22 сумын 1205 малчин өрх малаа даатгуулжээ. Тодруулбал 22 сумын 311670 толгой малыг 107,02 сая төгрөгөөр даатгуулсан тухай мэдээллийг өглөө. Хэдийгээр малчид өөрсдийн мал маллагааны арга ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын хүрээнд мал аж ахуйд учрах байгаль цаг уурын хүндрэлийг даван туулж байгаа боловч сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурт гарч буй өөрчлөлтөөс шалтгаалан ган зудын нөлөөлөлд ихээхэн хэмжээгээр өртөж байгаа. Тиймээс малчид болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд МИД идэвхтэй хамрагдах хэрэгтэйг ч санууллаа.
Б.Мягмарсүрэн